Төрийн банк Тэрбум мод сангийн шилдэг дэмжигч банкаар шалгарлаа

img

 

Төрийн банк Тэрбум мод сангийн шилдэг дэмжигч банкаар шалгарлаа. Тус сангийн тухайд, Монголбанк, Монголын банкны холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд банк санхүүгийн салбарынхан хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй санхүүжилтийн тогтвортой механизм бий болгох зорилгоор Тэрбум мод санг үүсгэн байгуулсан түүхтэй.

Сан байгуулагдсан цагаас эхлэн банкны салбарын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 50.0 сая мод тарих зорилт дэвшүүлж, энэ хүрээнд 1,435 га талбайд 3.53 сая мод тариад байна.

Харин Төрийн банкны хувьд, Тэрбум мод сантай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж, одоогийн байдлаар 218.7 мянган модын Монгол орон даяар тарьж ургуулжээ.  Мөн арчилгаа, хамгаалалтын ажлыг тогтмолжуулсны үр дүнд тарьсан моддын 90 гаруй хувь нь та бидэнд хүчил төрөгч бэлэглэн ургасаар байна.

Төрийн банк нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахын зэрэгцээ ажилтан нэг бүрийн идэвх оролцоогоор ногоон соёлыг түгээн дэлгэрүүлж, нийгэмд эерэг үлгэрлэл үзүүлэхийг ямагт зорин ажилладаг.

Тухайлбал, “Ажилтан бүр нэг мод” аяныг “Модыг мод(а) болгоё” уриан дор зохион байгуулж, жил бүрийн хавар, намар 500 салбар нэгж, 3000 гаруй ажилтныхаа идэвх оролцоогоор улс орон даяар мод тарьдаг уламжлал бий болгоод байна. 2021 оноос хойш хэрэгжсэн тус аяны хүрээнд банкны хамт олон нийслэл хот төдийгүй бүхий л аймаг, сумдад 25,000 гаруй мод тарьж, тарьсан мод бүрээ арчлан хамгаалж байна.

Банкны энэ бүх хүчин чармайлтыг сангийн зүгээс өндрөөр үнэлж, ийнхүү Тэрбум мод сангийн шилдэг дэмжигч банкаар тодруулаад байна. Цаашид Төрийн банк тогтвортой хөгжлийг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк болохын хувьд, Тэрбум мод сантай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, 50 сая мод тарих банкны салбарын зорилтод томоохон хувь нэмэр оруулан ажиллах болно.

Итгэл төгс – Ногоон ирээдүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ