Хууль зүйн сайд улсын яллагч хийх үү?
Хууль зүйн сайд, улсын яллагч хоёрын зааг
Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хууль зүй, дотоод хэргийн сайд гэдэг нь төрийг төлөөлдөг хууль цаазын зөвлөх, цаашлаад “улсын яллагч” байх ёстой хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татав.
Түүний албан тушаал улс төрийн хувьд “дээсэн дөрөөн дээр” байх үед Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон гэнэтийн шийдвэрээ олон нийтэд танилцуулж, үүнийгээ нүүрсний хулгайн эсрэг тэмцэлтэй холбон тайлбарлаж байв. Тухайн үед олон нийтэд “томоохон хулгайчид илчлэгдэнэ”, “хариуцлага заавал тооцно” гэсэн хүлээлт үүссэн нь нууц биш. Гэвч өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайч мэтээр олон нийтэд ойлгуулсан, нэр дурдагдсан бодит хүн, хэргийг эцэслэн шийдсэн үр дүн алга. Харин ч сүржин мэдэгдэл, хатуу үгсийн дараа чимээгүй байдал үргэлжилж, нийгмийн итгэл аажмаар суларч байна. Тэмцэл бодит үйлдлээр бус, мэдэгдэл төдийхнөөр хязгаарлагдаж замхарч буй нь харамсалтай.
Дээрхээс гадна олны анхааралд ороод буй хөндөх ёстой сэдэв бол ХЗДХ-ийн сайд нь Улсын Ерөнхий прокурор хийх ёстой гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл. Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн сайд нь үнэхээр “улсын яллагч” байх ёстой юм бол хууль хяналтын тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт хаашаа чиглэх вэ? Сайдын албан тушаал улс төрийн томилгоо атлаа яллагчийн байр суурь эзэлбэл шүүх, прокурорын хараат бус байдал алдагдах эрсдэл үүсэхгүй гэж үү?
Бүр цаашлаад, ХЗДХ-ийн сайд нь Улсын ерөнхий прокурор болчихвол манайх шиг улс төрийн авлига буурдаггүй, институцийн сул дорой орчинд юу болох вэ? Эрх мэдэл нэг төвд хэт төвлөрөх нь шударга ёсыг бэхжүүлэх бус, харин ч улс төрийн зорилгод хууль хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдүүлэх аюултай. Олон улсын жишгээр бол гүйцэтгэх засаглал, яллах байгууллага, шүүхийн эрх мэдлийг аль болох тусгаарлаж байж л ардчиллын суурь хангагддаг.
Олон улсад ийм загварыг хууль дээдлэх ёс хэр зэрэг төлөвшсөн, бодитоор хэрэгжиж байгаагийн илрэл гэж үзэх үү, эсвэл улс төрийн нөлөө бүхий яллах тогтолцоо руу гулсаж байна гэж харах уу гэдэг асуулт гарцаагүй тавигдана. Шударга ёс нь уриа бус, харин бодит үр дүн, институцийн хараат бус байдлаар хэмжигддэг ойлголт.
Тиймээс өнөөдөр бидэнд сүржин мэдэгдлээс илүү бодит хариуцлага, тодорхой үр дүн, эрх мэдлийн тэнцвэр хэрэгтэй байна. Хууль зүйн сайд “яллагч” байх ёстой юу, эсвэл хууль дээдлэх ёсны баталгаа байх ёстой юу гэдэг асуултад нийгэм нийтээрээ хариулт хайх цаг иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ