Хууль сулаас нийгэм хэрцгий гэмтэл амсав
Шинэ жилийн баярын уур амьсгал намжаагүй байхад нийгмийг цочроосон, хүн бүрийн зүрхийг өмөрсөн онц ноцтой гэмт хэрэг гарлаа. Жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай бяцхан охин ирээдүй, амьдрал, итгэл найдвар харгис хэрцгийгээр таслагдав.
Гэтэл энэ хэрэг ганц сэтгэцийн өвчтэй этгээдийн “гэнэтийн солиорол” биш. Үнэндээ энэ бол төр, хууль, шүүх, сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцооны хамтын гэмт хэрэг юм. Тухайн этгээд 2020 онд хүн амьны хэрэг үйлдэж, шүүхээс хэрэг хүлээх чадваргүй гэж үзэн ялгүй үлджээ. Ингэхдээ түүнийг 2 жил гаруй хугацаанд СЭМҮТ-д албадлагаар хэвтэн эмчлүүлж, улмаар нийгэмд чөлөөтэй гаргасан нь эмчлэгдсэн гэж үзсэн бололтойнх. Одоо тэгээд хэн хариуцлага хүлээх вэ? СЭМҮТ үү? Шүүх үү? Хууль тогтоогчид уу? эсвэл зүгээр л харамсалтай явдал боллоо гээд өнгөрөх үү?
Сэтгэцийн өвчин бол халуун буугаа унтраагаад л болчихдог өвчин биш. Өчигдөр тайван байсан хүн маргааш хэнийг ч хохироож мэдэх гэмтэй. Үүнийг нь ч бид харлаа. Манай хууль эрх зүйн орчин ийм сул. Сэтгэцийн өвчтэй бол ялгүй, эмчлэгдсэн гэж үзвэл суллана, дараагийн эрсдэлийг тооцоолдоггүй, эрдсэлийг нь хэн ч үүрэхгүй.
Хэрвээ хууль өөр байсан бол...
Ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг насан туршийн хяналтад авдаг байсан бол, эмчлэгдсэн гэх дүгнэлтийг ганц байгууллага биш олон шатны хараат бус дүгнэлтээр шийддэг байсан бол, нийгмийг хамгаалах нь хүний эрхээс чухал гэсэн зарчим үйлчилдэг байсан бол өнөө маргаашгүй төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй амьд, 4 настай охин инээж, гүйж явах байсан, гурав дахь үрээ хорвоод мэндлэхийг нь хүлээж, элэг бүтэн гэр бүл амьдрах байв.
Хэр удаан халуун амиар турших вэ?
Ноцтой гэмт хэрэг гарсаны дараа араас нь халаглаж суугаа хууль тогтоогчид нэгийг бодож, хоёрыг тунгаана биз. ХЗДХ-ийн дэд сайд хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй, сэтгэцийн өвчтэй гээд сул чөлөөтэй байж болохгүй гэв. ‘’Өнгөрсөн борооны араас цув нөмрөв’’ Төрийн эрх барих дээд байгууллагад иргэдийнхээ саналыг авч сонгогдсон гишүүд нүдтэй, сэтгэлтэй байсан бол бусдын амь насаа алдахыг харахгүйгээр энэ мэт сул эрх зүйн орчноо сайжруулаад явчихаж болох л байсан. Даанч хүнийхээ, нийгмийнхээ төлөө сэтгэл чилээхийн оронд албан тушаалын төлөө ‘’үхэн хатан’’ тэмцэлддэг хүмүүс саарал ордонд сууж байна. Дам яриагаар нийгэмд аюул учруулж болзошгүй нэг мянга гаруй сэтгэцийн өвчтэй хүмүүс сул чөлөөтэй явж байна гэх.
Хэрвээ одоо өөрчлөхгүй бол дараагийн нийтлэл дахиад л нэг гэр бүлийн сүйрлийн тухай байх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ