Зэс ба Монголын боломж
2026 он бол дэлхийн эдийн засгийн хувьд чимээгүйхэн халж буй металлын жил байж мэдэхээр байна. Энэ бол зэс. Эрчим хүчний шилжилт, цахилгаанжуулалт, хиймэл оюун ухаан, дата төв, батерей, цахилгаан автомашин гээд орчин үеийн хөгжлийн гол судас бүрт зэс зайлшгүй хэрэгтэй. Үүний цаана зэс аль хэдийн энгийн түүхий эдийн статусаа давж, геополитикийн стратегийн нөөцийн ангилал руу шилжиж эхэлсэн нь 2026 оны зах зээлийн гол дүр зураг юм.
Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт 2026 онд үргэлжлэн өснө гэсэн хүлээлт давамгайлж байна. Хятад улсын үл хөдлөхийн салбарын удаашрал зэсийн хэрэглээг богино хугацаанд хумьсан ч эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан сүлжээ, өндөр технологийн үйлдвэрлэл түүний орон зайг нөхөж байна. АНУ, Европын Холбоо “ногоон шилжилт”-ийн бодлогын хүрээнд эрчим хүчний сүлжээ, батерей, дата төвд асар их хөрөнгө оруулж буй нь зэсийн хэрэглээг дунд хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх суурь болно. Нэг дата төв дунджаар хэдэн арван мянган тонн зэс хэрэглэдэг гэх тооцоо нь хиймэл оюун ухааны өрсөлдөөн эцэстээ зэсийн төлөөх өрсөлдөөн болж хувирахыг харуулж буй.
Харин нийлүүлэлтийн талд байдал тийм ч тайван биш. Чили, Перу зэрэг уламжлалт олборлогч орнуудад хүдэржилтийн чанар муудах, байгаль орчны шаардлага чангарах, нийгмийн эсэргүүцэл, татварын бодлогын тодорхой бус байдал зэргээс шалтгаалан олборлолт огцом тэлэх боломж хумигдаж байна. Африк, Зүүн Өмнөд Азид томоохон төслүүд нэмэгдэж байгаа ч шинэ уурхай нээгдэж, бүрэн хүчин чадалдаа хүрэх хүртэл 7–10 жил шаардлагатай. Иймээс 2026 онд дэлхийн зэсийн зах зээл “хомсдолд ойрхон тэнцвэр”-ийн байдалд орж, үнэ өндөр түвшинд тогтох магадлал өндөр байна.
Зэсийн үнэ 2026 онд нэг тонн нь 10 мянган ам.доллараас дээш түвшинд хадгалагдах эсвэл тодорхой мөчлөгт үүнээс давж хэлбэлзэх боломжтой гэж олон улсын банкууд, судалгааны байгууллагууд харж байна. Энэ нь эрэлт огцом өссөнөөс гэхээсээ илүү нийлүүлэлт уян хатан бус байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл дэлхий зэсийн эрэлд гарах ч хурдан хугацаанд илүү ихээр гаргаж чадахгүй байна.
АНУ, Хятадын технологийн өрсөлдөөн, худалдааны хязгаарлалт, стратегийн түүхий эдийн хяналт нь зэсийг “улс төржсөн металл” болгож байна. Аль улс тогтвортой, найдвартай зэсийн нийлүүлэлтийг гартаа атгаж чадна, тэр улс эрчим хүч, дижитал эдийн засгийн дараагийн шатанд давуу байдал олж авна.
Ийм дэлхийн орчинд Монгол Улсын эдийн засаг улам эмзэг атлаа боломж дүүрэн байрлалд байна. Манай улсын экспортын орлогын томоохон хэсгийг уул уурхай, тэр дундаа зэс бүрдүүлдэг. Оюу толгойн гүний уурхайн олборлолт тогтворжих хэрээр Монгол Улс бүс нутагтаа төдийгүй дэлхийн зах зээлд анхаарал татахуйц зэсийн нийлүүлэгчийн байр суурийг баталгаажуулж эхэлж байна. 2026 онд дэлхийн зэсийн үнэ таамагласнаар өндөр түвшинд хадгалагдвал Монголын төсвийн орлого, валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлэх бодит боломж бүрдэнэ.
Гэвч энэ боломж шууд бодит үр ашиг болж хувирна гэсэн үг биш. Зэсийн үнэ өсөх үед эдийн засаг богино хугацаанд “амьсгаа авах” ч гадаад шокод хэт мэдрэмтгий бүтэц хэвээр үлдвэл дараагийн уналт илүү өвдөлттэй ирдэгийг Монгол олонтаа амссан. Тиймээс 2026 оны төсөв, валютын нөөц бүрдүүлэлтэд зэсийн үнийн эерэг мөчлөгийг ашиглахын зэрэгцээ хуримтлал, өрийн удирдлага, дотоодын үйлдвэрлэлийн суурийг бодитоор бэхжүүлэх шаардлага улам хурцаар тавигдаж байна. Нөгөө талаас Монгол Улс гео-эдийн засгийн хувьд зэсийн сүлжээний захын тоглогчоос стратегийн зангилаа руу дөхөж очих боломжтой. Хятад, Зүүн Азийн үйлдвэрлэлийн бүс, Европ руу чиглэсэн түүхий эдийн урсгалын дунд орших Монгол Улс зөв бодлого баримталж чадвал зэсийг зүгээр нэг ухаж зарахаас илүүтэй нэмүү өртөг шингээх, санхүүгийн болон логистикийн давуу тал бий болгох орон зай нээгдэнэ.
2026 оны дэлхийн зэсийн зах зээл улс орнуудын хөгжлийн чиг баримжаа, геополитикийн байрлалыг тодорхойлох хэмжээнд очжээ. Харин Монгол Улсын хувьд зэс бол эдийн засгийн тусгаар тогтнолын шалгуур, ирээдүйн хөгжлийн сорил хэвээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ