Яллагдагч гишүүд Төрийн ордноос “алга болов уу?”
УИХ-ын гишүүдийн ирц, чуулганы хуралдаанд оролцож буй байдал парламентын хариуцлага, ёс зүйн асуудлыг дахин сөхөхөд хүргэж байна. Ялангуяа сошиал орчинд тархсан ирцийн мэдээллүүдээс харахад зарим гишүүд удаа дараа чөлөө авчээ.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 26 удаа, Шадар сайд асан С.Амарсайхан 14 удаа, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа 11 удаа чөлөө авсан байна.
Д.Амарбаясгалан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсанаас хойш УИХ-ын чуулганы хуралдаанд огт оролцоогүй. Яллагдагчаар татагдсан ч гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж буй. Гэсэн ч парламентын үйл ажиллагаанд оролцох нь бүү хэл төрийн ордоны босго давж харагдсангүй. Экс спийкер Д.Амарбаясгалан хууль зөрчөөгүй байж болох ч ёс зүйн хувьд асуудалтай хэмээн зарим хүмүүс байр сууриа илэрхийлж байгаа бол нөгөө хэсэг нь хууль хяналтын байгууллагын шалгалт эцэслэн шийдэгдээгүй нөхцөлд гишүүний эрхийг хязгаарлах боломжгүй гэж үзэж байна.
Үүнтэй адил УИХ-ын дэд дарга асан, гишүүн Х.Булгантуяа нь чуулганы хуралдааныг удирдах явцдаа Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлснээс хойш парламентын хуралдаанд огт оролцоогүй хэвээр байгаа юм. Түүний хувьд ч мөн “чөлөө авах эрх”-ийн цаана УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудал хурцаар тавигдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байна.
Сошиал орчинд өрнөж буй хэлэлцүүлгүүдээс харахад иргэдийн гол шүүмжлэл нь хэн хэн чөлөө авсан бэ гэдэгт ч бус, харин “ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид үүргээ хэрхэн биелүүлж байна вэ” гэдэгт чиглэж байна. Чуулганы хуралдаанд тогтмол оролцохгүй байх нь хууль тогтоох байгууллагын үр нөлөөг сулруулж, парламентын нэр хүндийг унагаж байна гэж олон хүн үзэж байгаа юм. Зарим иргэд бүр ирц багатай гишүүдэд улс төрийн хариуцлага тооцдог, тодорхой босго тогтоодог байх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлж буй. Энэ тухай УИХ-ын дарга Н.Учрал оны босгон дээр ам нээсэн нь бий. Тэрээр чуулганы хуралдаандаа ирдэггүй гишүүдэд хариуцлага тооцдог механизмыг хэрэгжүүлэх бөгөөд намынхаа гишүүдээс энэ ажлыг эхэлнэ гэж байсан юм.
УИХ-ын гишүүдийн чөлөө, ирцийн асуудал нь зүгээр нэг дурдаад өнгөрдөг тоон мэдээлэл биш. Монголын парламентын засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоонд тулгарч буй бодит сорилт болон хувирчээ. Нийгмийн зүгээс тавьж буй гол шаардлага бол ёс зүйн өндөр хэм хэмжээ, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэхгүй байх улс төрийн соёл юм. Эцсийн дүндээ олон нийтийн итгэл алдагдаж буй явдал л парламентын хамгийн том асуудал болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ