Ахмадуудын зовлонгоор хэдий болтол “хооллох” вэ?

img

 

Монголд тэтгэвэрт гарна гэдэг амьдралын амар тайван үе эхэлдэг гэсэн үг биш, харин шууд ядуурлын эгнээ рүү гулсана. Насан туршдаа ажиллаж, татвар шимтгэл төлж ирсэн ахмадууд өнөөдөр тэтгэврээрээ амьдрах боломжгүй, арга ядахдаа арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч, сар бүр тэтгэврээ барьцаанд өгч амьдарч байна. Үлдсэн хэдэн төгрөгөөрөө аяга цайныхаа сүүг авч, эм тариагаа хасч, хүүхдүүдийнхээ гар харсан хэвээрээ хөгширч байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар ойролцоогоор 500 мянга орчим хүн тэтгэвэр авч байна. Тэдний авч буй дундаж тэтгэвэр 650–800 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Энэ мөнгө амьжиргааны өртөг, инфляцтай харьцуулахад хүрэлцэхгүй гэдгийг жирийн иргэн байтугай төр засаг өөрөө ч сайн мэдэж байгаа. Гэсэн атлаа тэтгэврийг бодитоор нь нэмэхийн оронд зээлийн хугацааг сунгана, хүүг нь түр багасгана гэх мэтээр асуудлын шалтгаантай биш үр дагавартай нь ноцолдсоор ирлээ.

Ахмадууд зээл авъя гэж гуйгаагүй. Тэд “биднийг банкны өрөнд оруулж өгөөч” гэж шаардсангүй. Зүгээр л тэтгэврийг маань амьдралд хүрэх хэмжээнд нэмээд өгөөч гэж л хэлж байна. Гэтэл эрх баригчид тэтгэврийг нь нэмэхээс илүүтэй зээлийг нь “зохицуулах” тухай ярьсаар, ахмадуудаа санхүүгийн боолчлолд барьсаар байна. Энэ бол бодлогын алдаа биш, харин ашиг сонирхлын сонголт юм. Үнэндээ ахмадуудаа арилжааны банкуудыг тэжээх хэрэгсэл болгож буй гэхэд хатуудахгүй.

Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхэд 4 их наяд гаруй төгрөг  шаардлагатай.

Манайд тэтгэврийг нэмэх биш, баяр ёслолын өмнө нэг удаа мөнгө тараах, насны хишгийг урагш хойш нь нааш цааш нь болгох замаар улс төрийн оноо авах явдал хэвийн үзэгдэл болчихлоо. Тэр ч бүү хэл сар шинийн өмнө өгөх ёстой насны хишгийг нь шинийн 2-нд олгох болов.  Ингэж “хааяа нэг хоол шидэж” өгөөд, уяатай нохой шиг байлгах нь улстөрчдийн хийж чадах ажил.

Ахмадуудыг ядуу байлгах сонирхол улс төрчдөд бий. Учир нь сонгуулийн үеэр хамгийн амархан  итгэдэг үнэндээ ‘’хууртагддаг’’, хамгийн амархан мөнгөөр татагддаг хэсэг бол ядуурсан ахмадууд болчихсон. Хэрэв тэд тогтвортой, хангалттай тэтгэвэртэй байсан бол сонгуулиар нэг удаагийн мөнгөнд толгой дохихгүй. Тиймээс тэтгэврийн тогтолцоог зориудаар дорой байлгаж, зээлийн гинжээр барьж, амлалтаар аргалах нь эрх баригчдад ашигтай.

Одоо Ерөнхийлөгчид хандаж ахмадууд тэтгэврээ нэмэхийг гуйж байна. Гэвч Ерөнхийлөгч тэтгэврийн хэмжээг шийдэх эрхгүй. Энэ бол УИХ, Засгийн газрын бодлогын асуудал. Өөрөөр хэлбэл өнөөдрийн эрх баригчид хүсвэл тэтгэврийг нэмэх боломж бий, хүсэхгүй л байна. Харин хүсэхгүй байгаагаа “боломжгүй”, “төсөв хүрэхгүй” гэх үгээр халхалж байна.

Тэтгэвэрт гараад л ядуурдаг, насны эцэстээ өртэй, гуйлгачин шахуу амьдрах нь хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох гэж 30 жил ярьж буй бидний хүсэл биш. Ахмадуудынхаа амьдралаар улс төрийн тоглоом хийдэг тогтолцоо бол ой гутам. Хэрэв бид үнэхээр шударга, хүн төвтэй нийгэм байгуулахыг хүсэж байгаа бол ахмадуудаа зээлийн боол биш, хүндлэгдсэн иргэн шиг амьдруулах тэтгэврийн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх цаг аль хэдийнэ болсон. Эрх баригчдын гоншигонож, зовлон тоочдог байдлаас ахмадууд залхаж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ