Давост Монгол Улс
Швейцарын Давос хотод “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” уриан дор 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Геополитик, эдийн засгийн зөрчил хурцдаж, талуудын хооронд итгэл суларсан энэ үед олон талт яриа хэлэлцээг сэргээж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чуулганы гол зорилго юм.
Энэ удаагийн чуулганд дэлхийн 70 гаруй улс орон, хувийн хэвшлийн 2700 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын бодлого, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм.
- Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт
- Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь
- Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын үеэр дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид болон олон улсын байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, төслүүдийг танилцуулах юм. Энэ нь хөрөнгө оруулалт татах, технологийн шинэ шийдэл, хамтын ажиллагааг урагшлуулахад чиглэсэн чухал алхам болох юм.

Монгол Улс чуулганд оролцож, бодлого, төслөө танилцуулахаас гадна шинэ хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэхээр төлөвлөсөн. Аялал жуулчлал, байгаль орчин, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хэлэлцүүлгүүдэд оролцох нь Монгол Улсын эдийн засаг, байгаль орчин, дижитал шилжилтийн бодлогыг олон улсын түвшинд танилцуулах чухал боломж юм.
Мөн боловсролын салбарт шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөрт хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг албан ёсоор нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд онцолжээ. Энэ хүрээнд багш нарт хиймэл оюуны хэрэглээг хэрхэн ашиглах талаар Гүүгл компани болон “Google Gemini Academy”-тай хамтран ажиллаж байгаа талаар мөн дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ