Б.Чойжилсүрэн сайдаа салбар чинь ослын ирмэгт ирчихлээ
Улаанбаатар хот өнөөдөр хөлдөх ирмэг дээр ирээд байна. Хүйтний эрч -40 хэмд тулж, үүнтэй зэрэгцэн Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, нийслэл хот бараг бүхэлдээ цахилгааны хязгаарлалтад орлоо. Гэхдээ энэ удаагийн осол гэнэтийн нэг удаагийн доголдол биш. Харин Монгол Улсын эрчим хүчний салбарыг олон арван жилийн турш буруу бодлогоор удирдаж, шинэчлэл хийхгүй асуудлыг аргацаасаар ирсний бодит үр дүн өнөөдөр ийнхүү ил гарч байна. Улаанбаатар хотод гурван өдөр дараалан -40 хэм хүйтэрвэл нийслэлийн дулаан, цахилгаан хангамжийг одоогийн техник, дэд бүтэц дийлэхгүй. Өөрөөр хэлбэл, нийслэл хот өнөөдөр системийн найдвартай ажиллагаан дээр бус, харин чадварлаг инженерүүдийн мэдлэг туршлага, гар ажиллагаа, азтай тохиолдол, бараг л бурхны аврал дээр тогтож байна. IV цахилгаан станцад гарсан гэмтэл иргэдийн амьдралд шууд нөлөөлж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг хүнд нөхцөлд орууллаа. Ахмад настан, бага насны хүүхэд, бизнес эрхлэгчид хамгийн ихээр хохирч байна. Амьсгалын аппарат тогтмол хэрэглэх шаардлагатай өндөр настан тог тасарснаас болж амь насаа алдах дөхсөн, цэцэрлэгүүд цахилгаангүй гэх шалтгаанаар хүүхэд хүлээж авахаас татгалзсан, бялдаржуулах төвүүдэд дасгал хийж байсан иргэд гэнэтийн тог тасралтаас болж бэртэх эрсдэлтэй тулгарсан нь эрчим хүчний доголдол гэдэг ойлголт иргэн бүрийн амьдралд ямар ойр байгааг харуулж байна. Цахилгаан хангамжийг бодит эрсдэлийн үнэлгээ, урьдчилсан төлөвлөлтгүйгээр тасалдуулж байгаа нь жижиг, дунд бизнесүүдийг орлогогүй болгож, үйлдвэр үйлчилгээний салбарыг зогсоож байна. Хүйтний улиралд иргэд халаалтгүй, халуун усгүй, халуун цайгүй бээрч, уулзваруудын гэрлэн дохио унтарснаар замын хөдөлгөөн саарч, осол аваар нэмэгдэж байна. Энэ бол ганц станцын асуудал биш, хотын аюулгүй байдал, иргэдийн амь насны асуудал юм. Гэтэл эрх баригчид үүнийг өнөөдрийг хүртэл “түр зуурын хүндрэл” хэмээн тайлбарлахыг оролдсоор байна. Бодит байдал дээр Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жилийн турш хуримтлагдсан бодлогын алдаа, хөрөнгө оруулалтын дутагдал, хариуцлагагүй удирдлага энэ байдалд хүргэсэн. Хуучирч муудсан станцуудын шинэчлэлийг хойшлуулж, ашиглалтын хугацаа нь дууссан тоног төхөөрөмжийг солихын оронд эвдэрсэн моторыг дахин дахин засч, “өнөөдрийг яаж ийгээд өнгөрөөх” арга барилаар ажиллуулж байна. Өнөөдөр станцууд “арай гэж л өдөр хоногийг аргацааж, аргалж, амь залгуулж” байна. Гуравдугаар цахилгаан станцыг яаралтай өргөтгөж, шинэчлэхгүй бол дахин ноцтой осол гарч, турбин дэлбэрэх, тэнд ажиллаж буй инженерүүд амь насаараа хохирох эрсдэлийг үгүйсгэх аргагүй. Энэ бол зөвхөн дулаан, тог тасрах тухай ойлголт огтоос биш, харин бодитоор хүний амь нас яригдаж буй асуудал юм. Цахилгаан, дулааны үнэ нэмэх, чөлөөлөх тухай асуудал яригдах бүрд улс төрийн айдас давамгайлж ирсэн. Эрчим хүч бол хүний суурь хэрэглээ учраас үнэ нэмэгдвэл талхны үнэ даган нэмэгдэнэ гэсэн болгоомжлолоор олон жил бодит шинэчлэлийг зогсоосон нь улстөрчдийн буруу. Үнийг тогтоодог Эрчим хүчний зохицуулах хороо нь Засгийн газрын харьяа, улс төрийн нөлөөлөлтэй байгууллага учраас бодит өртөг, салбарын хэрэгцээнд тулгуурласан шийдвэр гаргаж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Үүний үр дүнд эрчим хүчний үнэ хямд хэвээр үлдсэн ч салбар нь дотроо доройтож, аюултай байдалд орсоныг нийтээрээ мэдэрч байна. Эрчим хүчний хямрал бол нэг сайд, нэг станц, нэг инженерийн алдаа биш. Монгол төрийг ээлжилж барьсан улс төрийн хүчнүүдийн олон жилийн турш бодит шинэчлэлээс зугтаж, асуудлыг аргацааж, хойшлуулсаар ирсний бодит үр дагавар юм. Үүний төлөөсийг жирийн иргэд хүйтэн гэртээ, харанхуй хотод, зогссон бизнес, эрсдэлтэй амьдралаараа төлж байна. Одоо үүнийг “түр зуурын саатал” гэж нэрлэж цаг хожих бус, эрчим хүчний салбарт үндсээр нь өөрчлөлт хийх, хотын аюулгүй байдал, хүний амь насыг нэн тэргүүнд тавих бодит шийдвэр гаргах цаг аль хэдийнэ болсон байна. Тэрнээс биш өнөөдрийн бодит байдлыг Доржханд ажлаа өгөх, өгөхгүй дээр төвлөрүүлж, эсвэл Чойжилсүрэн өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлийг “улстөрийн зохион байгуулалттай дайралт” хэмээн тайлбарлан, цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаа мэт өнгөц тайлбар ярих цаг аль хэдийн ард хоцорчихсон.
Хот хөлдөх эрсдэл нүүрлэсэн, станцууд ослын ирмэг дээр ажиллаж байгаа үед ийм тайлбар бол бодит асуудлаас зугтаж буй хамгийн хямд, хамгийн хариуцлагагүй арга. Эрчим хүчний салбарын хямрал бол нэг хүний нэр төр, нэг албан тушаалын хувь заяагаар хэмжигдэх асуудал биш баймаар. Энэ бол буруу бодлого, олон жилийн турш “өнөөдрийг л аргацаая” гэж ирсний үр дүн. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөхийн оронд улс төрийн хохирогчийн дүрд тоглож, шүүмжлэлийг дайралт болгож хувиргах нь гал дээр тос нэмж байгаа илүү аюултай үйлдэл гэдгийг улстөрчид мэдэхийн дээдээр мэднэ. Иргэд өнөөдөр хэн огцрох, хэн үлдэхийг анхаарах тэнхээгүй ажиллаж байна. Тэдэнд гэр нь дулаахан байх уу, тог тасрах уу, эмнэлэг, цэцэрлэг, сургууль хэвийн ажиллах уу гэдэг л хамгийн чухал. Иргэдийнхээ энэ асуултад хариулахын оронд үлгэр зохиож, УБ хотыг улам эрсдэлд оруулсаар байна. Тиймээс улс төрийн жүжгээ зогсоож, бодит байдалтай нүүр тулах цаг болсон. Эрчим хүчний салбарыг ийм байдалд хүргэсэн шалтгаанд хэн, ямар шийдвэр гаргасныг нэр ус, он сараар нь ярих, хариуцлага тооцох, системийн шинэчлэлийг эхлүүлэхээс өөр гарц байхгүй. Үгүй бол “зохион байгуулалттай дайралт байсан”, “түр зуурын саатал” гэсэн хөгийн тайлбарууд чинь хотыг дулаацуулж, тог асаахгүй. Харин бодит үнэн шийдвэр Улаанбаатарыг хөлдөхөөс аварна. Утаанаас сална, дүүжин тээвэр барина, цахилгаан машин унана, ядуурлыг бууруулна гэх гоё урианууд худлаа ор хоосон болох нь ээ. Энэ бүхний суурь нь эрчим хүчний салбар өөрөө өнөөдөр амь тавихын наагуур байна. Зуун жилийн түүхтэй Монголын эрчим хүчний салбар бодит байдал дээр зуун жилээр хоцорч, ослын горим дээр тогтож байна. Хот дулаахан байх уу, тог асах уу гэдэг асуулт инженерүүдийн ур чадвар, аз, гар ажиллагаанд найдсан хэвээр байна. Хамгийн ноцтой нь, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдалд чиглэсэн томоохон төслүүд олон жилийн турш гацаанд орж ирсэн явдал юм. Дулааны станцын өргөтгөл, шинэ эх үүсвэр, усан цахилгаан станц, дэд бүтцийн томоохон шийдлүүдийг “байгаль хамгаалах”, “эдийн засгийн эрсдэл”, “ард түмний нэрийн өмнөөс” гэх гоё тайлбарын дор тасралтгүй эсэргүүцэж, хойшлуулж ирсэн бүлэг, ашиг сонирхлууд бодитоор Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж ирснийг илчлэх ёстой. Эрчим хүч бол улсын тусгаар тогтнол, нийслэлийн аюулгүй байдал, иргэдийн амь насны асуудал. Иймд эрчим хүчний төслүүдийг системтэйгээр гацааж, улс орныг хараат, эмзэг байдалд байлгах сонирхол хэнд, ямар зорилгоор үйлчилж ирснийг ил тод шалгах, нэр ус, он сараар нь ярих нь үндэсний аюулгүй байдлын түвшний асуудал мөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ