Гадаадын банкууд бизнес, төслийг онилно

img

 

Монгол Улсад зээлийн хүү өндөр. Энэ нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж буй бодит асуудал юм. Орон сууц, бизнес, боловсрол, хэрэглээ гээд аль ч салбарт зээл авахад хүүгийн дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр хүндээр туссаар ирсэн.

УИХ-ын дарга Н.Учрал “Гадаадын банкуудыг Монгол Улсад оруулж ирэх ёстой. Ингэж байж зээлийн хүү бодитоор буурна” хэмээж буй. Тэгвэл үнэхээр гадаадын банк орж ирснээр зээлийн хүү буурах бодит үндэслэл бий юу?

Одоогийн байдлаар Монгол Улсын арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 16–17 орчим хувь байна. Харин хэрэглээний зээлүүд дээр бодит хүү 18–30 хувьд хүрэх тохиолдол цөөнгүй. Энэ нь иргэн сар бүр орлогынхоо нэлээд хэсгийг зөвхөн хүү төлөхөд зарцуулж байна гэсэн үг. Үүний суурь шалтгаан нь Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү 12 хувь орчимд өндөр хэвээр байгаагаас гадна банкнуудын эх үүсвэрийн өртөг өндөр, зах зээлд өрсөлдөөн сул байгаатай шууд холбоотой. Олон улсын жишгийг харвал Монголын зээлийн хүү илт өндөр ангилалд орно. Хөгжингүй болон дунд орлоготой олон оронд банкны зээлийн хүү ихэвчлэн 5–10 хувь, зарим оронд 10–12 хувь орчим байдаг. Жишээлбэл, АНУ, Европын холбооны орнуудад зээлийн хүү 6–9 хувь, БНСУ, Япон зэрэг улсад 3–6 хувь, Зүүн өмнөд Азийн орнуудад 6–10 хувь орчим, харин Монголд 16–20 хувийн хүү хэвийн мэт ойлгогдож ирсэн нь манай санхүүгийн зах зээл олон улстай харьцуулахад ямар өндөр өртөгтэйг илтгэнэ. Товчхондоо, Монголд зээл авах нь дэлхийн олон оронтой харьцуулахад хэт үнэтэй байна. Зээлийн хүү өндөр байгааг ганцхан “банкууд шунаж байна” гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Үндсэн шалтгаанууд нь зах зээл цөөн банканд төвлөрсөн, бодит өрсөлдөөн сул, банкуудын ашигладаг эх үүсвэрийн өртөг өндөр, зээлийн эрсдэл өндөр, эргэн төлөлтийн чанар сул, санхүүгийн зах зээл дотооддоо хязгаарлагдмал. Эдгээр хүчин зүйл нийлж байж өнөөгийн өндөр хүүгийн бүтэц бий болсон.

Гадаадын банк орж ирвэл зээлийн хүү бодитоор буурах уу?

Гадаадын банк орж ирнэ гэдэг нь зээлийн хүү маргаашнаас буурна гэсэн үг биш. Харин буурах бодит нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Нэгдүгээрт, гадаадын банкууд олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татах чадвартай. Энэ нь зээлийн суурь өртгийг бууруулах боломж олгоно. Хоёрдугаарт, шинэ тоглогч орж ирснээр дотоодын банкууд хүүгээ бууруулах, үйлчилгээний нөхцлөө сайжруулах шахалтад орно. Өрсөлдөөнгүй зах зээлд хүү буурдаггүй, өрсөлдөөн бий болсон үед л хэрэглэгч хождог. Гуравдугаарт, олон улсын банк санхүүгийн стандарт, ил тод байдал, дижитал үйлчилгээ Монголд нэвтэрч, банкны салбарын чанарын шинэ шатанд хүрэх боломж бүрдэнэ. Эдийн засагчдын тооцооллоор хэрэв гадаадын банк бодитоор орж ирж, өрсөлдөөн бий болбол зээлийн хүү дунд хугацаанд 10–12 хувь хүртэл буурах боломжтой гэж үздэг. Энэ нь өнөөгийн түвшнээс 4–7 нэгж хувиар доогуур үзүүлэлт юм.

Гадаадын банкууд Монголыг сонирхож байна уу?

Хууль эрх зүйн хувьд гадаадын банк байгуулахыг Монгол Улсад огт хориглоогүй. Гэвч бодит байдал дээр Монголбанкнаас тогтоосон журам, шаардлага нь гадаадын банкуудад өндөр босго болж ирсэн. Монголын зах зээл хэмжээний хувьд жижиг ч байгалийн баялагт суурилсан эдийн засагтай, урт хугацаанд өсөх боломжтой, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сул хэвээр байгаа гэсэн утгаараа гадаадын банкуудын хувьд боломжит зах зээл хэвээр байна. Гэхдээ томоохон бизнес, төсөл, корпорацийн санхүүжилтэд төвлөрөх магадлал өндөр. Өрсөлдөөн тогтож, зах зээл тэлбэл гадаадын банкууд иргэдэд чиглэсэн хэрэглээний болон орон сууцны зээл олгох бүрэн боломж нь нээлттэй. Монгол Улсад зээлийн хүү өндөр байгаа нь бодит асуудал. Олон улстай харьцуулахад манай зээлийн хүү өндөр хэвээр байгаа нь иргэд, бизнесийн хөгжилд томоохон саад болсоор байна. Гадаадын банкуудыг Монголд оруулж ирэх нь бүх асуудлыг нэг дор шийдэх ид шидийн арга биш ч зээлийн хүүг бууруулах хамгийн бодит, системийн гарцын нэг мөн. Хамгийн чухал нь үүнийг үндэсний санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй, шат дараатай, ухаалгаар хэрэгжүүлэх явдал юм. Эцсийн дүндээ энэ бол банкуудын ашиг сонирхлын асуудал биш, иргэд илүү хямд зээл авах, бизнесүүд өсөх, эдийн засаг тэлэх тухай асуудал билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ