ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ ДУУНЫ ҮГИЙН ОРЧУУЛГА, ТАЙЛБАР
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж
байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
Орчуулга гадаадынханд зориулагдсан боловч яг тэдний ахуйд буулгахыг зориогүй.
Өөрсдийн ахуй, соёл, заншлыг тэдэнд таниулах зорилгоор үгсийг сонгосон. Ахуйг
орчуулж, хөрвүүлэхгүй.
Халуун элгэн нутаг (Үг Ж.Бадраа. Ая Ц.Намсрайжав)
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг
Сэрүүн салхи сэвшүүлэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь
My warm liver-close homeland
My tenderly cherished Mongolian land,
Bound to my living heart and liver.
Inherited through my parents,
My golden precious cradle.
Sustained by the life-giving essence of flowers,
When the spring of renewal arrives in joy,
The great rivers lift their voices in song,
The eternal snowy peaks smile again.
Cool breezes drifting softly,
Gently stroking cheek and face,
Sanctifying heart and consciousness
My warm liver-close homeland.
Дууны үгийг тайлбарласан нь
Энэ дуунд монгол сэтгэлгээ, ахуй, бахархал, тусгаар тогтнолын үзэл санаа оршино.
Социализмын хатуу хяналттай үед бичигдсэн болохоор “Үгэн дотор үг, үхэр дотор
гиваа” байх магадлалтай.
Элэг зүрхнээс уяатай
Монголчууд сэтгэлийг барууныхан шиг зүрхээр бус, элгээр төлөөлүүлж ярих нь бий.
Тиймээс энэ дуунд элэг гэдэг үг 3 удаа гарна. Гарчиг, эхлэл, төгсгөлд.
“Ам мурийвч элэг мурийхгүй”, “Элэг эмтрэм”, “Элгэн садан”, “Элгэн төрөл” зэргээр
ярьдаг. Энд элэгний араас зүрхийг оруулж, эх орон бидний сэтгэл болсон элэг, амь нас
болох зүрхтэй шууд холбоотой гэжээ. Эх орноо амь насаараа, сэтгэлээрээ хамгаалж
хайрлаж явах санааг илэрхийлжээ. Хүн элэг, зүрхгүй бол үхдэг шиг монгол нутагт
монгол хүн өөрөө элэг, зүрх нь юм. Элэг, зүрх өөрөө зөв ажиллаж, эрүүл байж бие
эрүүл, ухаан саруул байна. Монгол хүн бүр Монгол нутгийнхаа элэг, зүрх гэж бодож,
элэг, зүрхнээс уяатай эх орноо хайрлах ёстой.
Энхрий Монгол нутаг минь
Зүгээр нэг loving биш. Энхрийлэн хайрлах буюу нандигнан хайрлах санаа. Эмзэгхэн үр
хүүхдээ яаж хайрладаг билээ, түүн шиг эх орон бидэнд энхрий бяцхан үр шиг л тийм
нандин, цэвэр ариун, гэгээн билээ. Тэгэхээр бид зүгээр ч нэг хайрлах биш энхрийлэн
хайрлана. Гадны шоронд байсан хүн эх нутагтаа ирээд газар хэвтэж эх нутгийн шороог
үнэрлэж, газар тэвэрч хэвтэж байсан тухай уншиж байв. Уул, ус, ургамал, мод, хад,
чулуу, амьтан, агаар бүгдийг яг л нялх бяцхан үр шигээ энхрийлэн хайрлаж, байгалиар
нь, байгаагаар нь байлгах ёстой. Бидний элдэв заншил, хадаг, сүү, архи, мөнгө өргөх
хэрэггүй.
Эцэг, эхээс заяатай
Зөвхөн өөрийн төрсөн эцэг, эх биш. Тэдний эцэг, эх, дахин дээшээ гээд бүх өвөг
дээдсээс өгсөн. Өгөхдөө зүгээр нэг май гээд өгчихөөгүй. Маш их тэмцэл, тулаан, цус,
зовлон, ухаан, бодлого гаргаж байж, олон амь сүйдэж байж дэлхийн энэ л газрыг
бидэнд бахархалтайгаар, өвлүүлэн үлдээсэн гэсэн санаа нь Заяатай гэдэг үгээр
буужээ. Бид мөн ийм заяанд төрсөн хүмүүс мөн. Энэ сайхан заяагаа бид мөн эцэг, эх
учраас үр хүүхэддээ өвлүүлнэ.
Эрдэнийн алтан өлгий минь
Өрөл гэдэг модоор өлгийг минь сийлсэн аав минь гэдэг шиг өлгий гэдэг бол бидний
анхны амгалан амрах газар болж, халуун дулааныг бидэнд мэдрүүлдэг. Энэ өлгийг
хамгийн үнэ цэнэтэй зүйл болох алтаар хийсэн мэт. Монгол нутагтаа төрөөд, монголын
газар шороо, ус, уул, агаар энэ бүхэн биднийг өлгийдөж авна. Энэ өлгийн дотроо бид
амар жаргалтай аж төрнө. Одоогийн ахуйн зовлон хүн бүрд бий ч төрөхдөө л энэ
эрдэнийн алтан өлгийгөөр өлгийдүүлэх нь том завшаан, заяа мөн.
Ийм тансаг өлгийнд бойжсон бид үр хүүхдээ ч тийм л цэвэр ариун өлгийнд өлгийдөж
авахын тулд усаа тунгалаг, газар шороогоо ариун хэвээр байлгах нь эцэг, эхийн үүрэг
билээ.
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Монголын хавар бол халуун орны хавар шиг, байнга бороо ордог газрынх шиг ялгаа нь
ажиглагддаггүй тийм улирал биш. Хахир хүйтэн өвөл, цасан шуурга, зудыг эсгий гэрт
давж чадсан хүмүүс, малын хувьд хавар бол амьд үлдсэний баяр. Тиймээс ч хавар
Цагаан сар болдог. Утас, харилцаа холбоогүй үед хавар нэгнийдээ айлчилж Мэнд үү
гэж хүн, малын амьд мэнд, эрүүл саруулыг нь асууж, учран золгодог. Онд мэнд тарган
тавтай оров уу зэргээр мэндээ мэдэлцэнэ.
Монголын хавар хүний сэтгэлийг хөдөлгөнө. Хаврын тухай маш олон бүтээл байдаг.
Д.Нацагдоржийн Хавар шүлэг агуу.
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Өвсний толгой цухуйхгүй их цасан дундаас идэх юмгүй байсан мал хавар хоолтой
золгоно. Үртэй бүхэн төлжиж, үндэстэй бүхэн нахиална.
Иймээс л “Цэнгэлийн хавар” буюу цэнгэн жаргах, баярлах хавар гэжээ.
Өвс ногоо соёлж, дараа нь цэцэг ургана. Цэцгэнд шим, тэжээл, амьдралыг тэтгэх хүч
бий. Амьдрах хүчийг тэтгэсэн ийм сайхан хавар ирдэг. Хахир хүйтэн өвөл шиг,
хэлмэгдэл, дарлал, ядуурал, хүн ардын зовлон зүдгүүр өнгөрнө, Цэнгэлийн хавар шиг
туурга тусгаар улсдаа, эрх чөлөөтэй дураар жаргаж, баян тансаг амьдрах санаа.
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг
Гол гэдэг бол амь. Мөрөн гол бол том амь. Амьтны тухайд голыг нь таслахаар үхдэг
шиг, байгальд ч гол яг тийм амь юм. Тиймээс ч цэвэр ариунаар нь хадгалах, чандмань
эрдэнэ мөн. Гол бол цус. Цус зүрхнээс гарна. Монгол нутагт тийм сайхан Цэнгэлийн
хавар ирэхэд амь, цус болсон Мөрөн гол нь баярлан дуугаа дуулна.
Мөнх сарьдаг бол мөнх цаст сүрлэг өндөр уул, тэргүүн оргил. Хүнээр бол толгой, тархи,
оюун санаа. Мөнх сарьдаг бол бидний агуу баатарлаг өвөг дээдэс мөн. “Цэнгэлийн
хавар” айлчлахад Монгол нутгийн тэргүүн, лус савдаг, өвөг дээдэс, сүнслэг бүхэн
бидэнд мишээж, талархана.
Сэрүүн салхи сэвшүүлэн
Хацар нүүрийг илбэн байж
Хүйтэн салхи биш сэрүүн салхи. Сэрүүн салхи сэвэлзэнэ, сэвшин үлээнэ. Сэвшүүлэх
гэдэг нь таатай сайхнаар үлээхийн нэр. Хөдөөгийн цэвэр агаар ямар ариун билээ.
Хотын тоос шороотой салхи биш. Түмэн зүйлийн эмийн ургамлын үнэр, тоосонцорыг
тээсэн, эм болж биеийг анагаах чадалтай тийм салхи. Хотын тоос шороотой салхинаас
нүүрээ дарж, буруулан зугтдаг бол хөдөөгийн тийм салхинд нүдээ анин зогсдог. Хүүхэд
байхад цамцныхаа товчийг тайлан нүдээ анин тийм л салхийг нүүр, биеэрээ дүүрэн
мэдэрч, ууж байгаа мэт төсөөлөн амаа ангайн залгилдаг байв. “Цэнгэг саруул агаарыг
хултай айраг шиг залгилж” гэж дуунд гардаг шиг.
Ингэж зогсох мөчид бие, сэтгэл хоёр зэрэг ариусч, түр зуурын бясалгал болдог. Өөр
зүйл бодолгүй биеэр дүүрэн нэвчих салхи, агаарыг л мэдэрнэ.
Энэ сэвшээ салхийг Би Монгол хүн шүлэгт ингэж илэрхийлжээ:
“Үлээж байгаа салхи нь
Үнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг”.
Үүн шиг сэрүүн салхи хацар, нүүрийг илбэнэ.
Сэтгэл дотрыг ариулсан
Тэр сайхан салхины аясаар бясалгалд орж, амгаланг мэдэрч, сэтгэл санаа тайвширч,
ухамсар тунгалагшиж, бие эрүүлжинэ.
Өөр өнцгөөс бодвоос, салхийг Халуун салхи зохиолынх шиг, цагийн салхи гэж бодож
болно. Тийм сайхан цагийн салхи салхилж, бидэнд тийм амгаланг авч ирнэ. Бид
“Сэвшин үлээсэн сэрүүн салхи”-ны аясаар хүчирхэг, баян тансаг, бүрэн эрх чөлөөтэй,
аз жаргал дүүрэн амьдарна. Тийм л салхи бидний сэтгэл дотрыг ариулна.
Халуун элгэн нутаг минь
Элэг гэдэг биеэс салшгүй, монголчуудын ярьдгаар бол илүү сэтгэл санаа, оюун ухааныг
илэрхийлэх шинжтэй. Элэг халуунаараа байна гэдэг бол амьд байна гэсэн үг. Хүний
халуун элэг шиг нутаг. Монгол нутаг, монгол хүний халуун элэг. Монгол хүн өөрөө
монгол нутагтаа халуун элэг нь. Элэг амьд эрхтэн ч гэдэг. Хүн баярлахад баярлаж,
уурлахад уурладаг гэдэг. Түүн шиг монгол хүн сайн явахад эх орон сайн баярлана.
Минь гэдэг нь миний гэсэн үг. Миний халуун элэг шиг нутаг гэсэн санаа.
Б.Чинзориг
2026.2.1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ