Гадаадын банк зээлийн хүү бууруулна гэдэг гэнэн хүлээлт
Сүүлийн өдрүүдэд “гадаадын банк Монголд орж ирвэл зээлийн хүү буурна” гэсэн хүлээлт олон нийтийн дунд дахин идэвхжлээ. Өндөр хүү, өрийн дарамтад орсон иргэдийн хувьд энэ нь боломж мэт харагдаж байгаа хэдий ч бодит байдал дээр сэтгэл хуурсан хүлээлт байж мэдэхээр байна.
Эдийн засагчид нэг зүйлийг онцолж байгаа. Монголд зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нь банк дотоод уу, гадаад уу гэдэгт биш эдийн засгийн орчинд бий. Валютын савлагаа, санхүүгийн сахилга бат сул, орлогын ил тод байдал муу, шүүхийн шийдвэр хэрэгждэггүй орчинд аль ч банк хямд зээл олгох боломжгүй. Эдийн засагч Р.Даваадорж үүнийг нэлээд хатуу хэлсэн. “Манайд орж ирээд мөнгөө хямд тараах банк гэж байхгүй. Тийм банк байвал эргүү, эсвэл галзуу хүн л байна” гэж тэр онцолсон. Тэгээд ч өнөөдөр Монголын томоохон банкууд өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалттай. Өөрөөр хэлбэл, “гадаадын банк” гэдэг нэр өөрөө зээлийн хүү бууруулах баталгаа биш. Тэгвэл яагаад энэ сэдэв дахин сөхөгдөв? Энэ долоо хоногт Унгарын ОТП банк Монголд орж ирэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татлаа. ОТП бол жижиг банк биш. Европын бүс нутагт олон улсад үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн хувьд тогтвортой том тоглогч. Гэхдээ тэд манайд салбараа байгуулахын тулд нэг болзол тавьсан нь Банкны тухай хуулиа өөрчилж чадвал асуудал алга гэсэн тайлбар илэрхийлсэн. Эндээс Монголын асуудал хаана байгааг харж болно. Монголд гадаад банк орохгүй байгаа шалтгаан нь сонирхолгүйдээ биш харин орж ирээд ашигтай, аюулгүй ажиллах боломжгүйд байгаа юм. Одоогийн хуулиар гадаад банк иргэдээс хадгаламж авч чаддаггүй, лицензийн нөхцөл нь тодорхойгүй, Монгол дахь салбараас асуудал гарвал толгой банк хязгааргүй хариуцлага үүрдэг. Ийм нөхцөл бол банкны нүдээр бол боломж биш, эрсдэл. Олон нийтийн дунд гадаад банк орж ирээд шууд иргэдэд хямд зээл өгнө гэсэн ойлголт түгээмэл. Гэвч бодит байдал дээр гадаад банкуудын сонирхол нь хэрэглээний зээл бус, харин томоохон төсөл, экспорт, импорт, эрсдэл багатай санхүүжилт байдаг юм. Тэгвэл яагаад УИХ-ын дарга Н.Учрал энэ сэдвийг барив? Эдийн засаг гацсан, санхүүжилтийн эх үүсвэр хомсдож, дотоодын банкуудын зээл үнэтэй хэвээр байгаа нөхцөлд улс төрийн түвшинд өөр гарц хайж эхэлсний илрэл юм. Нөгөө талд, гадаад банк ярьж эхлэх нь реформч имиж бүрдүүлэх, олон нийтэд таалагдах улс төрийн сэдэв болж байна. Гэхдээ бодит өөрчлөлт эндээс эхлэх эсэх нь том асуулт. Ярих бол амархан. Харин хууль өөрчлөх, бодит өрсөлдөөн бий болгох түвшинд бол хүчтэй эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой. Дүгнээд хэлбэл “Гадаадын банк орж ирвэл зээлийн хүү буурна” гэдэг нь гаднаас нэг нь ирээд манай асуудлыг шийдчихнэ гэсэн гэнэн найдвар. Зээлийн хүүг бууруулах бодит гарц нь банк биш, эдийн засгийн тогтвортой орчин бий болгох явдал юм. Ирэх өдрүүдэд анхаарах гол зүйл бол гадаад банк ярьсан улс төрийн мэдэгдэл цаг хугацааны шалгуурт тэсэх эсэх, эсвэл дан ганц шоу болж өндөрлөх үү гэдгийг харж л байя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ