Баяр дарга аа, сургууль бол зогсоол биш

img

 

Сар шинийн баяр дөхөхөөр Улаанбаатар хотын замын ачаалал огцом нэмэгддэг нь үнэн. Энэ үед Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сургуулиудын хашааг түр хугацаанд автомашины зогсоолд ашиглахыг уриалсан тухай мэдээлэл гарсан. Хотын түгжрэлийг багасгах гэсэн санаачилга ч бодит байдал дээр энэ нь хүүхдийн аюулгүй байдал, боловсролын орчны мөн чанартай зөрчилдөж болзошгүй шийдвэр юм.

Юуны өмнө нэг энгийн зүйлийг санах хэрэгтэй. Сургууль бол автомашины урсгалд зориулагдсан газар биш. Сургууль бол хүүхэд айдасгүй алхаж, гүйж, тоглож, суралцаж байх ёстой орчин. Хашаа нь хамгаалалтын бүс байх ёстойгоос биш автомашины эргэлт, ухрах хөдөлгөөнтэй талбай байх ёсгүй. Манай ихэнх сургуулиуд анхнаасаа автомашины зогсоолын зориулалттай төлөвлөгдөөгүй. Хашаан дотор тусгай стандартын зогсоолын талбай, хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлын дэд бүтэц байдаггүй. Тэгээд хичээл сургууль амарсан гэж ам таглах биз. Үгүй... Амралтын өдрүүдэд хүүхдүүд сургуулийн талбайд салхилж тоглодог гэдгийг мартсан бололтой юм.

Улаанбаатар хотод автомашины тоо олон жилийн турш огцом өссөн. Албан мэдээллээр нийслэлд 700 мянгаас давсан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэсэн тоо бий. Харин зогсоолын хүрэлцээ үүнээс хавьгүй бага. Хотын төвийн зургаан дүүрэгт 100 гаруй мянган зогсоолын багтаамж бий гэж албан эх сурвалжууд дурддаг ч бодит ашиглалт, байршлын хувьд эрэлтээ хангаж чаддаггүй. Нийслэлийн харьяа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо болон Улаанбаатар хотын захиргааны мэдээллүүдэд зогсоолын хүртээмж нийт автомашины тоотой харьцуулахад 40 орчим хувьтай гэж дурдсан нь бий. Өөрөөр хэлбэл, хоёр машин тутмын нэг нь зориулалтын зогсоолгүй гэсэн үг. Гэвч энэ бодит хүндрэл нь сургууль, цэцэрлэгийн орчныг автомашинд нээх үндэслэл байж болохгүй. Учир нь зогсоолын бодлого бол хот төлөвлөлтийн бодлого. Харин сургууль бол хүүхдийн эрх, аюулгүй байдлын бодлогын асуудал. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй.

Сургууль дээр автомашин оруулах нь хэд хэдэн бодит эрсдэлийг дагуулна. Нэгдүгээрт, ухрах, эргэх, зогсох хөдөлгөөн нэмэгдэх тусам ослын магадлал өсдөг. Хүүхэд бол насанд хүрэгч шиг зай, хурд, чиглэлийг тооцоолж чаддаггүй. Тиймээс дэлхийн олон хот сургууль орчмын бүсийг “хөдөлгөөний тайван бүс” болгон хязгаарлаж, хурдыг багасгах, автомашины нэвтрэлтийг хянах бодлого баримталж байна. Харин бид эсрэгээр нь автомашиныг хашаа руу нь оруулах тухай ярьж байна. Хоёрдугаарт, сэтгэлзүйн орчны асуудал бий. Сургууль бол хүүхэд өөрийгөө аюулгүй гэж мэдрэх ёстой газар. Машины дохио, хөдөлгүүрийн дуу, олон хүн орж гарах хөдөлгөөн нь сургалтын орчны төвлөрөл, тайван байдлыг алдагдуулна. “Баярын хэдхэн өдөр шүү дээ” гэж хэн нэгэн хэлж магадгүй. Гэвч бодлогын шийдвэр гэдэг бол зарчим тогтоодог. Нэг удаа боломжтой гэж үзвэл дараагийн удаа зөрчихөд улам амар байх болно.  Гуравдугаарт, тэгш шударга байдлын асуудал бий. Хэрэв үнэхээр иргэдэд таалагдах, баярын өдрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой бол нийтийн эзэмшлийн төлбөртэй зогсоолуудыг тодорхой хугацаанд төлбөргүй болгох, эсвэл тарифыг бууруулах боломж бий. Хотын хэмжээнд олон арван байршилд төлбөртэй зогсоол ажиллаж, цагийн тарифаар орлого төвлөрүүлдэг. Яагаад хүүхдийн хашааг нээхээс илүүтэйгээр энэ бодлогын хэрэгслийг ашиглаж болохгүй гэж?

Хот төлөвлөлтийн үндсэн зарчим бол “эмзэг бүлгийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах” явдал. Хүүхэд бол хамгийн эмзэг оролцогч. Тэд жолооч биш, шийдвэр гаргагч биш, харин насанд хүрэгчдийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг үүрдэг хэсэг. Тиймээс сургууль бол ямар ч нөхцөлд автомашины түр ашиглалтын нөөц талбай биш гэдгийг бодлогын түвшинд хатуу ойлгох шаардлагатай. Замын түгжрэл, зогсоолын хомсдол бол бодит асуудал. Гэхдээ буруу газар, буруу зарчмаар шийдэх нь урт хугацаанд илүү их зардал, илүү их эрсдэл дагуулна. Сургууль бол хотын дэд бүтэц дутсаны “нөөц талбай” биш. Сургууль бол хүүхдийн аюулгүй, айдасгүй орчин.

Хэрэв бид үнэхээр иргэдийн амьдралыг хөнгөвчлөхийг хүсэж байгаа бол автомашинд бус, хүнд төвлөрсөн бодлого барих ёстой. Харин хүүхдийн орчныг автомашинд нээх нь хотын асуудлыг шийдэх биш, харин өөр нэг илүү ноцтой асуудлын эхлэл болж мэднэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ