Баялгийн хуваарилалт ба Ерөнхийлөгчид хүрэх амбиц

img

 

Өчигдөр орой Гомбожавын Занданшатар The Tonight Show Mongolia нэвтрүүлэгт оролцох үеэрээ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгаас иргэн бүрд ойролцоогоор 60 мянган төгрөг олгох тухай мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Улс төрийн тайзнаас илүүтэй энтертайнмент нэвтрүүлгийн орчноос ийм шинжтэй эдийн засгийн мэдэгдэл хийсэн нь хэлбэрийн хувьд сонирхолтой боловч агуулгын хувьд гэнэтийн зүйл байсангүй. Учир нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэрийг албан ёсоор гаргасан байна.
2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь уул уурхайн экспортын орлого, нүүрсний үнийн мөчлөг, тээвэр логистикийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Монгол Улсын 3.5 сая орчим иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг тул тэдэнд нийт 208.5 тэрбум төгрөг хуваарилагдаж, нэг иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөг олгохоор тооцсон байна. Энэ бол төсвийн зардал биш, төрийн өмчит компанийн ашгийн дахин хуваарилалт юм. 63 мянган төгрөг бол өрхийн жилийн орлоготой харьцуулахад бага хэмжээ мэт боловч 3.5 сая хүнд зэрэг олгогдох 208.5 тэрбум төгрөг нь богино хугацаанд дотоодын хэрэглээг дэмжих, бэлэн мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Ялангуяа бага орлоготой өрхүүдийн хувьд орлого өсөхөд хэрэглээ нэмэгдэх зан төлөв өндөр байдаг тул эдгээр өрхүүд уг мөнгийг хуримтлалд бус хэрэглээнд зарцуулах магадлал өндөр. Иймээс богино хугацаанд жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарт эрэлт нэмэгдэх, мөнгөний эргэлтийн хурд өсөх боломжтой.
Гэхдээ... 
Хэрэв зах зээлд богино хугацаанд их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлбэл эрэлтийн шалтгаант инфляц үүсэх эрсдэл бий. 208.5 тэрбум төгрөг нь ДНБ-ий хэмжээнд асар том дүн биш боловч улирлын шинжтэй, төвлөрсөн хугацаанд олгогдох тул зарим бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд нөлөөлж болно.
1.1 их наяд төгрөгийн ашгаас 786.6 тэрбумыг тараана гэдэг нь ашигт ажиллагааны ихээхэн хувийг дахин хөрөнгө оруулалт бус, хэрэглээнд шилжүүлж байна гэсэн үг. Хэрэв уул уурхайн компани урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалтаа багасгавал ирээдүйн орлогын урсгалд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Ногдол ашиг тараах шийдвэр нь эдийн засгийн үндэслэлтэй боловч олон нийтийн мэдээллийн нэвтрүүлгээр зарлагдсан нь улс төрийн эдийн засгийн шинжтэй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийн ашиг нь эдийн засгийн бодлого төдийгүй улс төрийн капитал болдог. Тиймдээ ч Ерөнхий сайдын энэ мэдэгдэл түүнийг 2027 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гэдэг таамгийг батлав.
Байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд бэлэн мөнгөөр тараах нь зөв үү, эсвэл дэд бүтэц, боловсрол, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтад чиглүүлэх нь илүү үр ашигтай юу?
Нэг талаас, шууд ногдол ашиг нь баялгийн өмчлөл иргэдэд бодитоор очиж буйг харуулдаг, нийгмийн зөвшөөрлийг бэхжүүлдэг. Нөгөө талаас, хуримтлал болон бүтээмж нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаас татгалзах нь “нөөцийн хараал” -ын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
60 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг нь өрхийн орлогыг богино хугацаанд дэмжих, дотоод эрэлтийг идэвхжүүлэх эерэг талтай. Гэвч урт хугацаанд уул уурхайн ашгийг хэрхэн хуваарилах, хэрхэн хуримтлал үүсгэх, хэрхэн эдийн засгаа төрөлжүүлэх вэ гэдэг стратегийн асуултыг орлож чадахгүй.
Тиймээс энэ шийдвэрийг зүгээр нэг “мөнгө тараалт” гэж харах бус, Монгол Улсын баялгийн менежментийн загвар, төрийн өмчит компанийн засаглал, макро тогтвортой байдлын хүрээнд авч үзэх шаардлагатай юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ