Хувийн сан байгуулбал ахмадын тэтгэвэр өсөх үү?
“Эх орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулсан ахмадууд хангалттай тэтгэвэр авах ёстой” хэмээн УИХ-ын дарга Н. Учрал мэдэгдсэн нь олон мянган ахмадуудад итгэл, бас хүлээлт төрүүлээд байна. Хаврын чуулганаар тэтгэврийн тогтолцоог шинэчилнэ гэсэн үг бол 510 мянган ахмадын амьжиргаатай холбоотой амлалт.
Гэхдээ эдийн засагт нэг энгийн үнэн бий.Амлалт бол зардал дагуулдаг. Тэр зардлыг хэн, яаж, хэдийд төлөх вэ гэдэг нь бодлогын гол асуулт.
80 мянган төгрөгийн нэмэгдэл. Тоон дээр буулгая.
Засгийн газар энэ онд тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмэхэд 516 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний үр дүнд бүрэн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болсон. Гэвч ахмадууд “бодит дэмжлэг болсонгүй” гэж үзэж байна. Хэрэвзээ ахмад настан сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 80 мянгын нэмэгдэл бол 12 хувийн өсөлт. Харин хүнсний үнэ, цахилгаан, дулаан, эм тарианы зардал 10–15хувиар өссөн нөхцөлд бодит худалдан авах чадвар бараг өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн өсөлт бий ч бодит өсөлт нь бага. Ахмадууд тэтгэврээ 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байгаа. Тооцоод үзье. Монгол Улсад 510 мянган тэтгэвэр авагч бий. Хэрэв дундаж тэтгэвэр 700 мянга гэж үзвэл 1.5 сая болгохын тулд дунджаар 800 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай. Тэгвэл 800,000 × 510,000 хүн = 408 тэрбум төгрөг буюу сар, жилд 4.9 их наяд төгрөгийн нэмэгдэл хэрэгтэй. Албан тооцоогоор 4.1 их наяд төгрөг шаардлагатай гэж үзсэн нь бий. Энэ бол Монгол Улсын жилийн төсвийн орлогын 25 орчим хувьтай тэнцэх хэмжээ. Өөрөөр хэлбэл, төр тэтгэврийг 1.5 сая болгохын тулд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн зарим зардлыг танах эсвэл татвар нэмэх шаардлагатай болно.
Ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Зээлийн хүү дунджаар 18%. Монголбанкны бодлогын хүү 12 хувь, инфляци 8.9 хувь, Банк 12 хувийн өртөгтэй мөнгийг 13–14 хувиар зээлдүүлбэл ашиггүй. Иймээс 18 хувь орчим хүү тогтож байна. Эдийн засагт хүүг зах зээлийн өртөгөөр нь бодох нь зүй тогтлын хувьд зөв. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцооны санаа нь иргэн одооноос Нийгмийн даатгалын шимтгэл дээрээ нэмж 2–4 хувь төлж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах. Энэ бол ирээдүйн шийдэл. Гэхдээ өнөөдрийн 70 настанд шууд нэмэр болох уу? Үгүй. Өмнөх парламент 4хувийг хувийн санд шилжүүлэхэд жилд 350 тэрбум төгрөгийн санхүүжилтийн цоорхой үүснэ гэж болгоомжилсон. Хэрэв шимтгэлийн урсгал НДШ-ээс тасарвал өнөөдрийн тэтгэвэр тавих мөнгө дутна. Тиймээс одоогийн төсөлд 2 хувийг сайн дурын үндсэн дээр төлөхөөр тусгажээ. Энэ нь ирээдүйн тэтгэврийн тогтвортой байдлыг нэмэгдүүэх ч өнөөдрийн ахмадын асуудлыг шийдэхгүй. Иймээс “хууль батлагдвал тэтгэвэр шууд нэмэгдэнэ” гэж ойлгох нь буруу.
Монголын тэтгэврийн систем одоогийн ажиллагчид одоогийн ахмадын тэтгэврийг санхүүжүүлдэг тогтолцоотой. Хэрэв 1 ажиллагчид 1 тэтгэвэр авагч ноогдож эхэлбэл шимтгэл нэмэх эсвэл тэтгэвэр бууруулах сонголт гарна. Хүн амын насжилт нэмэгдэж буй нөхцөлд энэ дарамт жил ирэх тусам өснө. Мэдээж хэрэг ахмадын амьдрал сайжрах ёстой энэ бол маргахгүй үнэн. Гэхдээ тэтгэврийн бодлого дараах гурван шалгуурыг хангах ёстой.
- Санхүүгийн тогтвортой байдал
- Үе хоорондын шударга хуваарилалт
- Инфляцтай уялдсан бодит өсөлт
Өнөөдрийн тэтгэврийг 1.5 сая болгох нь эдийн засгийн хувьд боломжгүй.
Хувийн нэмэлт тэтгэвэр нь ирээдүйн гарц боловч одоогийн ахмадын амьжиргаанд шууд нөлөө багатай. Тиймээс бодит асуулт нь Бид богино хугацаанд инфляцыг бууруулж, дунд хугацаанд шимтгэлийн баазыг тэлж, урт хугацаанд олон тулгуурт тогтолцоонд шилжиж чадах уу?
Тэтгэврийн асуудал бол популизмдах сэдэв биш. Энэ бол тооцоотой, үе дамжсан хариуцлагын бодлого юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ