Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Төрийн банк болон Монгол Улсын Их Сургууль хамтран стратегийн хамтын ажиллагааны Санамж бичиг үзэглэлээ. Тус ёслолын арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Төрийн банкны төв байранд зохион байгуулагдсан бөгөөд санамж бичигт Төрийн банкны Бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар, Монгол Улсын Их Сургуулийн Ректор Б.Очирхуяг нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь банк, боловсролын байгууллагын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах, харилцан мэдээлэл солилцох, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж. Талууд арилжааны банк болон их дээд боловсролын байгууллагын хамтын ажиллагаа нь нийгэм, эдийн засагт олон талын ач холбогдолтой, чухал үйл явдал болохыг арга хэмжээний үеэр онцлон дурдаж байв.
Цаашид энэхүү санамж бичгийн хүрээнд стартап, инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд бизнесийн санхүүжилт, сургалт, судалгаа, хүний нөөцийн хөгжлийг хамтран хэрэгжүүлэх юм. Мөн банкны зүгээс МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад зориулсан тусгайлсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үе шаттайгаар зах зээлд нэвтрүүлэн ажиллахаар боллоо.
Банк, их сургууль харилцан хамтран ажиллах нь шинжлэх ухаан, боловсрол, судалгааны чадамжийг бэхжүүлэх, гарааны бизнес, инновацийн санаачлагыг дэмжих, хүний нөөцийн хөгжлийг өргөжүүлэх зэрэг олон давуу тал бий болгож, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Итгэл төгс-Ногоон ирээдүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ