Эрчим хүчний салбарыг ХҮН намд бэлэглэх үү?
Монгол Улсын эрчим хүчний салбар олон жилийн турш “шинэчлэл хэрэгтэй” гэсэн лоозонтой явж ирсэн. Гэвч шинэчлэлийн тухай ярьсаар... ярьсаар, бодит үр дүн хугасхан байна. Эрчим хүч бол эдийн засгийн нэг салбар төдий биш. Энэ нь үндэсний аюулгүй байдлын суурь дэд бүтэц. Ялангуяа хэрэглээнийхээ тодорхой хэсгийг импортоор хангадаг Монгол шиг улсын хувьд эрсдэл дагуулсан, эмзэг систем юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ 20 орчим хувийг импортоор хангаж байна. Үүний дийлэнхийг БНХАУ болон ОХУ-аас авдаг. Дотоодын үйлдвэрлэл хүрэлцэхгүй, өвлийн оргил ачааллын үед системийн ачаалал дээд цэгтээ хүрч, тасалдал үүсэх эрсдэл жил бүр яригддаг хэвээр. Энэ нөхцөл байдал нь салбарын бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээг харуулсаар буй.
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт “реформ” хийх тухай Засгийн газрын түвшинд идэвхтэй ярьж эхэлсэн. Шадар сайд Т.Доржханд 2026 он гэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, 2028 он гэхэд эрчим хүчний хувьд бие даасан улс болно гэж мэдэгдсэн. Мөн тарифын тогтолцоог зах зээлийн зарчимд ойртуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтална гэж тайлбарласан нь бий.
Гэвч эдгээр зорилтуудын хэрэгжилт олон нийтийн хувьд тодорхой бус хэвээр байна.
Хамгийн тод мэдрэгдсэн өөрчлөлт нь цахилгааны тарифын өсөлт л байхшив дээ. Үүний шалтгааныг алдагдлыг бууруулах, салбарыг санхүүгийн хувьд тогтвортой болгох шаардлагатай холбон тайлбарлаж байгаа ч хэрэглэгчдийн хувьд “реформ” нь шууд зардлын өсөлтөөр илэрч байна.
Харин нөгөө талд шинэ эх үүсвэрүүдийн барилга, хүчин чадлын нэмэгдэл, импортын хамаарлыг бууруулах бодит ахиц ямар түвшинд хүрсэн бэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Салбарын дунд болон урт хугацааны төлөвлөлт, хэрэгжилтийн үе шат, санхүүжилтийн бүтэц зэрэг нь олон нийтэд ил тод, ойлгомжтой байдлаар танилцуулагдсан гэхэд бэрх.
Мөн реформын хүрээнд сурталчилгаа, мэдээллийн зардал өндөр байгаа тухай шүүмжлэл гарсан нь бодлогын үр ашигт эргэлзэхэд хүргэсэн нь бий. Системийн доголдол хэвээр байхад тайлбар, мэдээлэл давамгайлах нь бодит шинэчлэлийн хурдыг илэрхийлэхгүй.
Нөгөө талаас, эрчим хүчний салбарын удирдлага, бодлого нь мэргэжлийн бус, улс төрийн тохиролцоонд илүү түшиглэдэг гэх шүүмжлэл олон жил яригдсан. Стратегийн ач холбогдолтой энэ салбарын хувьд тогтвортой, урт хугацааны бодлого, институцийн чадавх хамгийн чухалд тооцогдох ёстой.
Энэ утгаараа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарын түвшинд бодлогын хариуцлага, хэрэгжилтийн үр дүнгийн асуудал хөндөгдөнө. Эрчим хүчний реформ нь зөвхөн мэдэгдэл, зорилтоор хэмжигдэхгүй бодит хүчин чадал, баригдсан станц, буурсан импорт, сайжирсан найдвартай байдлаар үнэлэгдэх учиртай. Гэтэл Г.Занданшатар Б.Чойжилсүрэнгээ сугалж хаяад эрчим хүчний салбарыг ХҮН намд өгөх гэж байдаг. Т.Доржханд ч хөөрчихсөн Б.Найдалаа, П.Ганзориг хоёрынхоо аль нэгийг зүтгүүлнэ хэмээн төрийн ордноор гүйж яваа нь энэ салбар бодлогын биш, тохиролцооны шинж рүү хэлбийж буйг харуулж байна.
Эцэст нь, Монгол Улсад эрчим хүчний шинэчлэл зайлшгүй шаардлагатай хэвээр байна. Гэхдээ энэ шинэчлэл нь улс төрийн тохиролцоо бус, бодлогын тууштай хэрэгжилт, мэргэжлийн шийдэл, бодит хөрөнгө оруулалтад суурилсан байх ёстой. Үгүй бол “реформ” гэх нэршил бодит агуулгаасаа зөрөх эрсдэл байсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ