Хямралыг даван туулах тусгай хууль батлагдах уу?
Засгийн газраас яаралтай горимоор “тусгай хууль” өргөн барих тухай яригдаж эхэллээ. Нэршлээсээ эхлээд л ковидын үеийн онцгой зохицуулалтууд шууд орж ирж байгаа нь нууц биш. Тэр үед төсөв, санхүү, төрийн шийдвэр гаргалт хүртэл хатуу болж, зарим тохиолдолд энгийн үед боломжгүй алхмуудыг ч хийж байсан. Одоо яригдаж байгаа энэ шинэ хууль ч мөн адил хямралын үед төр “хурдан хөдөлж” чадах орон зайг бий болгох зорилготой бололтой.
Яагаад ийм хууль хэрэгтэй болсон бэ гэвэл шалтгаан нь гадаад нөхцөл байдал. Дэлхийн эдийн засаг тогтворгүй, геополитикийн нөхцөл байдал хурц, түүхий эдийн зах зээл савлагаатай хэвээр байна. Том гүрнүүдийн бодлого чангарч, хөрөнгө оруулалт хумигдаж, экспортын орнуудын орлого хэлбэлзэж эхэлсэн. Ийм үед Монгол шиг түүхий эдээс хамааралтай эдийн засагтай улс оронд төсөв шууд дарамтад орох эрсдэл бодитой болж мэдэхээр байна. Орлого тасалдах эрсдэл нэмэгдэнэ, зардлаа танах шаардлага үүснэ. Гэхдээ энгийн хуулийн хүрээнд төсвөө хурдан “танах, шилжүүлэх, зогсоох шийдвэр гаргах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс л тусгай хууль хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Энэ хууль батлагдвал Засгийн газар тодорхой төслүүдийг шууд зогсоох, заримыг нь хойшлуулах, мөнгөний урсгалыг өөр тийш чиглүүлэх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, ямар төслийг одоо хийх вэ, алийг нь түр азнах вэ гэдгийг илүү хурдан шийднэ гэсэн үг. Эндээс л хүмүүсийн хамгийн их асууж байгаа асуулт гарч ирж байна. Том төслүүд яах вэ?
Бүгдийг нь зогсооно гэсэн үг биш. Харин эрэмбэлнэ. Шууд өгөөж өгөхгүй, эсвэл эхлээгүй байгаа төслүүд түр хойшлогдоно. Харин эдийн засагт бодит нөлөө үзүүлэх, ажлын байр хадгалах, валютын урсгал бий болгох төслүүдийг авч үлдэнэ. Өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийх үе дуусч, заавал хийх ёстойг нь л сонгох нөхцөл рүү орж байна гэсэн үг.
Гэхдээ энгийн иргэдэд энэ яаж мэдрэгдэх вэ гэдэг хамгийн чухал. Шууд мөнгө нэмэгдэнэ, амьдрал сайжирна гэж хэлэхэд хэцүү. Харин эсрэгээрээ, хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол байдал улам дордох эрсдэлтэй. Төсвийн алдагдал өсөх, инфляц нэмэгдэх, төгрөгийн ханш сулрах зэрэг дарамтыг багасгах зорилготой учраас муудахыг сааруулна гэдэг нь илүү бодитой тайлбар биз. Тэгэхээр өрхийн түвшинд шууд эерэг мэдрэмж өгөхөөс илүү, сөрөг нөлөөг зөөлрүүлэх алхам гэж ойлгож болно.
Нөгөө талд энэ бүхэн улс төрийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Засгийн газар яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй байгаа ч парламент хэвийн ажиллахгүй бол энэ бүхэн цаасан дээр үлдээд архивт хадгалагдана. Ялангуяа сөрөг хүчний бойкот үргэлжилбэл хууль хэлэлцэгдэхгүй, батлагдахгүй. Тэгэхээр бодлогын түвшинд бэлэн байгаа шийдлүүд хэрэгжихгүй гацна гэсэн үг.
Эцэст нь хэн хариуцлага үүрэх вэ гэдэг асуулт үлдэнэ. Олон нийт нарийн улс төрийн процессоос илүү үр дүн л шаарддаг. Хэрвээ энэ хууль батлагдахгүй, Засгийн газар бодит арга хэмжээ авч чадахгүйд хүрвэл буруутныг хайхдаа институцээс илүү салбарын сайд руу чулуу нүүлгэх биз. Тэр үед энэ санаачилгыг гаргаж, хамгийн их ярьж байгаа Ж.Энхбаяр өөрөө л хамгийн түрүүнд муухай харагдах эрсдэлтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ