ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙЛӨГЧ ПАРЛАМЕНТТАЙГАА ХҮЧЭЭ ҮЗНЭ
Сүүлийн өдрүүдэд яригдаад байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой энэ сэдвийг тоймлоод харвал, манай парламентын засаглал яг өөрийнхөө гол философи дээр тулж шалгагдаж байна л даа. Нэг талаас иргэдийн дунд бухимдал бодитоор байна. Хуралдаа суудаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй, ёс зүйн асуудалд нэр холбогддог гишүүд байгаа нь нууц биш. Нөгөө талаас, тэр бухимдлыг яаж институцийн түвшинд шийдэх вэ гэдэг дээр улс төрийн маш эмзэг тэнцвэр хөндөгдөж эхэлж байна.
Ард түмнээс шууд сонгогдсон төлөөлөгч нь итгэл алдвал буцааж татах боломжтой байх ёстой юу гэвэл онолын хувьд тийм. Дэлхийн зарим парламентын системд recall буюу эгүүлэн татах механизм байдаг. Гэхдээ тэр нь маш нарийн шалгууртай, шүүхийн хараат бус баталгаатай, хамгийн чухал нь улс төрийн зэвсэг болчихооргүй хамгаалалттай байдаг.
Манайд яригдаж байгаа хувилбарын хамгийн том маргаан яг энд л байна. “Ёс зүйгүй”, “гэмт хэрэгт холбогдсон” гэдэг ойлголтуудыг хэн, ямар шалгуураар тогтоох вэ? Шүүх үү, парламент өөрөө юу, эсвэл улс төрийн нөлөөтэй бүтэц үү? Хэрвээ энэ тодорхой биш байвал өнөөдөр авлигачийг цэвэрлэх нэрийн дор маргааш сөрөг дуу хоолойг зайлуулах хэрэгсэл болж хувирах эрсдэл бий.
Парламентын дархлаа гэдэг зүйл өөрөө нэг хүнийг хамгаалах тухай биш, институцийг хамгаалах тухай ойлголт. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн айхгүйгээр санал өгч, байр сууриа илэрхийлэх боломжтой байх ёстой. Хэрвээ “таалагдахгүй бол эгүүлэн татна” гэдэг механизм амархан ажилладаг болчихвол гишүүд сонгогчдоосоо илүү эрх мэдэлтэй улс төрийн бүлэглэл, эсвэл гүйцэтгэх засаглалаас айж эхэлнэ. Тэр үед парламент бодлогын бие даасан байдал алдагдана. Нөгөө талд нь харвал Ерөнхийлөгч яагаад ийм хүчтэй шахаж байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ бол зүгээр нэг ёс зүйн асуудал биш, институц хоорондын эрх мэдлийн тэнцвэрийн асуудал. Парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч харьцангуй хязгаарлагдмал бүрэн эрхтэй. Харин УИХ дотор нөлөөлөх шууд механизм бараг байхгүй. Тийм болохоор эгүүлэн татах механизм нь бодит байдал дээр Ерөнхийлөгчийн улс төрийн нөлөөг парламент руу оруулах “хаалга” болж хувирах боломжтой. Сүүлийн жилүүдэд эрх мэдлийн төвлөрөл, намын дотоод зохион байгуулалт, гүйцэтгэх засаглалын нөлөө парламент дээр хэр их байна вэ гэдэг асуулт аль хэдийн яригддаг болсон. Тэр дээр нэмээд гишүүдийг эгүүлэн татах механизм орж ирвэл ялангуяа шалгуур нь сул байвал “таалагдахгүй хүнийг шахах” улс төрийн хэрэгсэл болж хувирах эрсдэл бодитоор бий. Гэхдээ дээрх хуулийн төслөөс болгоомжлохоос өмнө нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Олон нийтийн бухимдал үнэхээр бодит. Хариуцлагагүй гишүүдийг яах вэ гэдэг асуултад өнөөгийн тогтолцоо хангалттай хариулж чадахгүй байгаа нь үнэн. Нам дотроо хамгаалагдчихдаг, ёс зүйн хороо нь сул, сонгуулиар л шийдэгддэг, энэ бол удаан, үр дүн багатай механизм. Тэгэхээр яг үнэндээ маргаан эгүүлэн татах хэрэгтэй юу, хэрэггүй юу дээр биш, яаж хийх вэ дээр төвлөрөх л хэрэгтэй байна. Хэрвээ зөвхөн шүүхээр эцэслэн тогтоогдсон гэмт хэрэг, эсвэл маш өндөр босготой, иргэдийн шууд оролцоотой бас улс төрөөс хараат бус хяналтын механизмтай байж чадвал энэ санаа парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой.
Харин эсрэгээрээ шалгуур нь бүдэг, улс төрийн нөлөөнд автамтгай байвал парламентын дархлааг сулруулж, урт хугацаандаа ардчиллын чанарыг дордуулах эрсдэлтэй. Тиймээс өнөөдрийн чуулган дээр шийдэгдэх гол зүйл бол хуулийн төсөл өөрөө биш, харин манай улс институцийн тэнцвэрээ хадгалж чадах уу гэдэг том сорилт. Нэг өгүүлбэрээр хэлбэл авлигачийг цэвэрлэх нэрийн дор парламент өөрөө сулрах уу, эсвэл хариуцлагатай болох уу гэдэг зааг дээр ирчихээд байна. Эцэст нь, энэ бол хувь хүмүүсийн зөрчил биш, тогтолцооны асуудал. Хэн нь зөв, хэн нь буруу гэдгээс илүү ямар дүрэм тогтоох вэ гэдэг нь ирээдүйд илүү их нөлөөлнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ