Төргүйдсэн төр

img

 

Монголын улс төр өнөөдөр тогтворгүй, замбараагүй харагдаж байгаа нь гэнэт бий болсон зүйл биш. Харин ч одоогийн 126 гишүүнтэй парламент бүрдсэнээс хойш энэ хямрал илүү тод, илүү ил гарч ирж байна.

Онолын хувьд бол олон гишүүнтэй парламент илүү төлөөлөлтэй, илүү ардчилсан байх ёстой. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ эргэж, эрх барьж байгаа нам дотроо эвээ олж чадахгүй, фракц фракцаараа хуваагдсан, нэг нэгнийгээ унагаах гэж улайрсан байдал давамгайлж байна. Төр барина гэдэг бодлогоор уралдах биш, харин сандал суудал, албан тушаал, эрх мэдлийн төлөө улангассан тэмцэл болоод хувирчихлаа.

Өнөөдөр УИХ дотор ч тэр, Нийслэлийн удирдлагын түвшинд ч тэр яг адилхан. Нэг талдаа “шинэчлэл”, “хөгжил” гэж ярьж байгаа ч нөгөө талдаа ашиг сонирхлын сүлжээ, авлигын хамаарал, албан тушаалын наймаа нь улс төрийг атгажээ. Хэн нь хэндээ өртэй, хэн нь хэний бизнесийг хамгаалдаг, хэн нь аль бүлэглэлд харьяалагддаг гэдэг нь бодлогоос илүү чухал болчихсон.

Дэлхий даяар нөхцөл байдал эмзэг байна. Ойрх Дорнодод хурцадмал байдал нэмэгдэж, геополитикийн эрсдэл өсөж байгаа энэ үед жижиг улс орнууд аль болох ухаалаг, болгоомжтой бодлого явуулж, гарз багатай “амьд үлдэх” стратеги бодох ёстой. Гэтэл Монголд эсрэгээрээ, гадаад орчин биш, дотоодын эрх мэдлийн тулаан хамгийн том асуудал болоод байна.

Өнөөдрийн улс төрийн гол асуулт нь “улс орноо яаж авч явах вэ?” биш, харин “хэн дарга болох вэ?”, “хэн нөлөөллөө тогтоох вэ?”, “2028 онд хэн дахин эрх мэдэлд суух вэ?” гэдэг дээр төвлөрч байна. Энэ бол бодлогын биш, эрх мэдлийн төлөөх тулаан.

Үр дүн нь ойлгомжтой. Улс төрчид хоорондоо тэмцэлдэж байх хооронд жирийн иргэд амьдралаараа төлөөсийг нь төлж байна. Инфляц өсөж, амьжиргаа дордож, үйлчилгээ муудаж, итгэл алдарч байна. Төрд итгэх итгэл сулрах тусам нийгэм өөрөө тогтворгүй болдог жамтай.

Энэ бүхний цаана зөвхөн хүмүүсийн асуудал биш, тогтолцооны асуудал байна. Манай засаглалын бүтэц өөрөө эрх мэдлийг тодорхой, хариуцлагатай байдлаар төвлөрүүлж чаддаггүй. УИХ нь УИХ шиг байж чаддаггүй, бодлогоо тогтоохын оронд дотоод зөрчилдөө дарагдана. Засгийн газар нь тогтвортой ажиллаж чаддаггүй, парламентын дотоод зодооны золиос болдог. Ерөнхийлөгчийн институт нь тодорхой бус орон зайд нөлөөлөл үзүүлдэг, энэ нь эрх мэдлийн давхардал, зөрчил үүсгэдэг.

Ингээд гурван институт эрх мэдлээ хуваалцсан мөртлөө хариуцлагаа хуваалцдаггүй тогтолцоо бий болчихоор, эцэстээ бүгд хоорондоо “зодолддог” систем л үлдэж байна.

Товчхондоо, өнөөдрийн Монголын улс төр бол хувь хүмүүсийн муу эсвэл сайн чанараас илүү буруу зохион байгуулалттай тогтолцооны үр дагавар. Хэрвээ энэ тогтолцоог өөрчлөхгүй бол хэн дарга болох нь хамаагүй, асуудал давтагдсаар л байх болно.

Харин өөрчлөх зориг, улс төрийн соёл, бодлогын өрсөлдөөн бий болох хүртэл энэ “сандлын төлөөх тулаан” үргэлжилсээр байх нь тодорхой байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ