Хотын даргын хувь заяаг Ерөнхий сайд дангаараа шийдэх эрхтэй
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын улс төрийн ирээдүй хэрхэх эсэх асуудал энэ өдрүүдийн улстөрийн гол сэдэв болоод байна. Хотын түгжрэл, махны үнэ, инфляц, нийтийн бухимдал дээр дөрөөлсөн энэ маргаан эцэстээ МАН доторх эрх мэдлийн шинэ хуваарилалтын эхлэл болж мэдэх дүр зураг ажиглагдаж байна.
Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал Дэнжийн мянгад ажиллаж, өргөн хэрэглээний бараа, махны үнийн өсөлттэй газар дээр нь танилцсан нь үнэндээ нийслэлийн удирдлагад улс төрийн хариуцлага тооцох ‘’жүжиг’’ байсан гэхэд хэтийдэхгүй. Ингээд нийслэлийн удирдлагын ажлыг шүүмжилж, улмаар Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Х.Нямбаатар “нэр төртэйгээр ажлаа өгнө, улс төрийн байр сууриа хамгаална” гэсэн агуулгатай байр суурь илэрхийлж, ам нээхээр уушги нээ гэсэн шиг Н.Учралыг ‘’маленький пацан’’ –аар дуудаж, улстөрд гавихгүй, хааныхаа барлаг хийгээд явж буй түүнтэй уушгиныхаа гурван судсыг тасартал тэмцэнэ хэмээн шазуур зууж харагдсан.
Ерөнхий сайд хотын даргыг дангаараа огцруулах эрхтэй юу?
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 64.3-т:
“Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд заавал НИТХ эсхүл Засгийн газрыг хуралдуулж, шийдвэр хүлээх албагүй. “Өөрийн санаачилгаар” гэдэг нь улс төр, захиргааны хариуцлагын хүрээнд бие даан шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэсэн үг. Харин шийдвэрээ тухайн Хуралд мэдэгдэж, Хурал 15 хоногийн дотор дараагийн нэр дэвшигчээ оруулах зохицуулалттай.
Энд нэг анхаарал татах зүйл нь хуульд “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хотын даргыг огцруулах асуудал нь Ерөнхий сайдын шууд бүрэн эрхэд хамаарах бөгөөд заавал кабинетын хамтын шийдвэр байх албагүй гэсэн үг.
Х.Нямбаатар бол зүгээр нэг хотын дарга биш. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, МАН доторх нөлөө бүхий фракцын төлөөлөл, хүчний байгууллагын реформ, нийслэлийн газрын бодлого, том төслүүд дээр хатуу байр суурьтай явсан улстөрч. Тиймээс түүнийг чөлөөлсөн асуудал нь жинхэнэ утгаараа эрх мэдлийн шинэ тэнцвэрийн эхлэлийг харуулж буй хэрэг юм.
Улс төрийн хүрээнд дараагийн хотын даргаар Г.Занданшатар, нийслэлийн улс төрд удаан ажилласан Э.Бат-Амгалан нарын нэр яригдаж эхэлжээ. Энэ нь нийслэлийг 2028 оны сонгуулийн өмнөх стратегийн төв болгохоор зорьж буй хэмээн уншиж болохоор байна.
Нөгөө талд Ерөнхий сайд Н.Учрал өөрөө нам доторх шинэ үеийн лидерийн дүрээ хүчтэй бэхжүүлж эхэлсэн. Инфляц, үнэ, нийслэлийн асуудал дээр “хатуу гар”-ын улс төр хийхийг оролдож байгаагаа ч харуулаад авлаа. Гэвч энэ алхам нь эргээд МАН доторх арай гэж намжсан хагарлыг идэвхжүүлж мэдэх юм.
Төрийн ордны хонгилд намрын улс төр ширүүснэ, “МАН-ын 30-ын бүлэг Засгийн газартаа шахалт үзүүлж магадгүй” гэх яриа улам идэвхжиж байна. Хэрэв нийслэлийн эрх мэдлийн өөрчлөлт фракцуудын зөрчлийг улам гүнзгийрүүлбэл өнөөдрийн хотын даргын асуудал маргаашийн Засгийн газрын хувь заяаны эхлэл болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй.
Х.Нямбаатарын асуудал ийнхүү Монголын дараагийн том улс төрийн цикл эхлэх дохио болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ