Эдийн засаг эмзэг тогтворгүй байна

img

Өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь урт хугацаанд Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах тулгуур хүчин зүйл болох юм.  Дунд хугацаанд биотехнологи, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлснээр хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн баялгийн нөөц, боломжинд тулгуурласан эмийн болон биологийн идэвхит бодис, гадаадын өндөр технологийн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн сэлбэг эд, анги, програм хангамжийг үйлдвэрлэх, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүнийг бий болгож манай улсын эдийн засгийн өсөлтийг бодитой нэмэгдүүлэх бололцоотой юм. 2010 оны байдлаар Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 83.22% нь технологийн багтаамжгүй, 15.12% нь нам технологит, 0.02% нь өндөр технологит бүтээгдэхүүн тус тус эзэлсэн байна. Үүнээс үзэхэд манай улсын эдийн засаг уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлт болон дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтээс хараат, эмзэг тогтворгүй байдалтай байна. Байгалийн баялаг, түүхий эдийн нөөц зэрэг харьцангуй давуу тал дээр суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, энэ чиглэлийн сургалт, судалгаа, технологи,  санхүүгийн дэд бүтцийг цогцоор байгуулах замаар Монгол улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон бусад холбогдох төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан  Засгийн газрын 2011 оны 370 дугаар тогтоолоор батлууллаа. “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн технологийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжих эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин бүрдэж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын зохистой бүтцийг бий болгох замаар дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх өндөр технологийн аж үйлдвэрийн оролцоо, хувь хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн төрөлжилт бий болж, тогтвортой хөгжлийн тулгуур суурь тавигдах ач холбогдолтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ