Б.Найдалаа эрчим хүчний салбарынхантай ойлголцож чадахгүй байна

img

 

Хэрэв тэд ажиллахаа боливол цахилгаан шууд тасрахгүй ч системийн эрсдэл цаг тутам нэмэгдэнэ.

Эрчим хүчний салбарын инженерүүдийн дунд түгээмэл яригддаг дээрх сануулга өнөөдөр бодит байдал болох магадлалтай нүүр тулж байна.

Эрчим хүчний салбарынхан маргааш буюу зургаадугаар сарын 30-наас улс орон даяар ажил хаяна. Тэд Засгийн газраас үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан бол Эрчим хүчний яам "удирдах албан тушаалтнуудыг нэмэхгүйгээр тодорхой ажилтнуудад 10 хувийн нэмэгдэл олгох боломжтой" гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм.Гэхдээ зөвхөн 10, 20 эсвэл 30 хувийн цалингийн асуудал биш. Үүний цаана олон жил хуримтлагдсан хүний нөөцийн хомсдол, алдагдалтай тариф, хуучирсан тоног төхөөрөмж, улс төрөөс хамааралтай үнэ тогтоолт гэсэн илүү том асуудал бий.

Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн гол ачааг Улаанбаатарын дөрвөн том эх үүсвэр үүрдэг. ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалангийн дулааны станц. Үүн дээр Дархан, Эрдэнэт зэрэг бүсийн станцууд нэмэгдэнэ. Эдгээр станцын ихэнх нь Зөвлөлтийн үед буюу 1960-1980-аад онд ашиглалтад орсон байдаг. Өдгөө зарим тоног төхөөрөмж 40-60 жил ажиллаж байгаа гэсэн үг. Товчхондоо Монголын эрчим хүч өнөөдөр туршлагатай хүмүүсийн ур чадвараар гал алдчихгүй явж байна. Учир нь хуучирсан тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахын тулд олон жилийн дадлага туршлагатай инженерүүд, ээлжийн мастер, турбин, зуухны операторуудын мэдлэг хамгийн үнэтэй "нөөц" болж байна. Гэхдээ эрчим хүчний ажилтан гэдэг зөвхөн цахилгаан залгадаг хүн биш. 24 цагийн ээлжинд, өндөр даралттай шугам дээр ажиллана, өдөр бүр өндөр температуртай зуух, турбинтай харьцана. Өвлийн -35 хэмд ч ослын дуудлагад явна. Гэтэл сүүлийн жилүүдэд уул уурхай, томоохон хувийн компаниуд инженерүүдэд хоёр, гурав дахин өндөр цалин санал болгодог болсон. Үүний улмаас олон туршлагатай инженер хувийн хэвшил рүү шилжиж байна. Зарим станц шинэ төгсөгч авч ажиллуулдаг ч 2-3 жилийн дараа уул уурхайн салбар руу явчихдаг тухай үйлдвэрчний эвлэлүүд удаа дараа ярьдаг. Өөрөөр хэлбэл асуудал цалин нэмэх эсэх биш, салбар мэргэжилтнээ тогтоон барьж чадах уу гэдэг дээр очоод байна. Инфляцын өсөлт, цар тахлын дараах импортын үнийн өсөлт, түлш шатахууны өсөлт, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал зэрэг хүчин зүйлсийн улмаас өрхийн бодит худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурсан. Нэрлэсэн цалин өссөн ч бодит орлого тэр хэмжээнд өсөхгүй байна. Товчхондоо инфляц нэрлэсэн өсөлтөө идчихсэн бөгөөд эрчим хүчнийхэн ч яг ийм нөхцөлтэй тулгарсан нь бодит үнэн.

Эрчим хүчний компаниудын санхүүгийн тайланг харахад олон жил ашиг багатай, зарим нь алдагдалтай ажилласан байдаг.

Үүний гол шалтгаан нь тариф. Монгол Улсад цахилгаан, дулааны үнийг олон жилийн турш эдийн засгийн өртгөөс доогуур барьж ирсэн.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг хамгаалсан нэрийдлээр улстөржсөн шийдвэр гаргах бүрд эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт хойшилж, үр дүнд нь шинэ станц барих хөрөнгө хүрэлцэхгүй, тоног төхөөрөмжөө шинэчилж чаддаггүй, засварын төсөв хязгаарлагдмал, цалин нэмэх боломж хумигдсаар эцэстээ үнэнтэйгээ нүүр тулж, үүнээс цааш явах замгүйд хүрээд байна.

Цалингийн маргаан үнэндээ тарифын бодлоготой шууд холбоотой.

Хэрэв ажил хаялт эхэлбэл юу болох вэ?

Эрчим хүчний салбар стратегийн үйлчилгээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар иргэдийн амь насанд эрсдэл үүсгэх хэмжээнд үйлчилгээ бүрэн зогсох ёсгүй. Гэхдээ эрсдэлүүд дараалан нэмэгдэнэ. Ослын дуудлагын багийн тоо цөөрнө. Төлөвлөгөөт засварууд хойшлогдоно. Тоног төхөөрөмжийн эвдрэл гарвал сэргээх хугацаа уртасна. Системийн операторуудын ачаалал нэмэгдэнэ. Улаанбаатарын хэрэглээ оргил үед хүрвэл нөөц багасна.

Эрчим хүчний инженерүүдийн ярьдгаар бол эрчим хүчний систем бол нисэх онгоцтой адил.

Нэг хүн ажиллахгүй байлаа гээд онгоц шууд уначихгүй ч аюулгүй ажиллагааны олон хамгаалалтын давхарга нэг нэгээрээ алдагдах эрсдэлтэй гэсэн үг.

Хүний нөөц хамгийн том эрсдэл болжээ

Монголд өндөр даралтын турбин ажиллуулдаг инженерийг нэг сарын дотор бэлтгэдэггүй. Өндөр хүчдэлийн диспетчерийг зургаан сарын дотор сургадаггүй. Зарим инженер 10-20 жилийн туршлага хуримтлуулж байж өнөөдрийн хэмжээнд хүрдэг.Хэрэв ийм хүмүүс цалин бага гээд хаяад явбал мөнгөөр нөхөх боломжгүй гэдгийг сайд хийх гэж хөл хөөр болж явсан Б.Найдалаа ойлгомоор байна.

Н.Учралын Засгийн газар цалин нэмэх, тариф нэмэх гэсэн хоёр сонголттой нүүр тулж буй. Хэрвээ тарифаа өсгөхгүй бол компаниудын орлого нэмэгдэхгүй. Орлого нэмэгдэхгүй бол цалин өсөхгүй. Цалин өсөхгүй бол инженерүүд салбараа орхино. Инженерүүд явбал эрчим хүчний найдвартай ажиллагаа эрсдэлд орно гээд зовлонгийн тойрогт энэ салбарыг улстөрчид оруулчихсаны горыг нийтээрээ амсах болоод байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрчихсэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрчим хүчний салбарынхан цалингаа нэмүүлэхээр ажил хаях гэж байгаа ч үнэндээ олон жилийн хуримтлагдсан асуудлыг ил болгож байгаа нь энэ.

Засгийн газар тарифын шинэчлэл, салбарын санхүүгийн тогтолцоо, хүний нөөцийн бодлого, шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг цогцоор нь шийдвэрлэж чадвал ажил хаялт нэг удаагийн хөдөлмөрийн маргаанаас илүү том өөрчлөлтийн эхлэл болж үлдэх боломжтой. Өвөл хаяанд ирэхээс өмнө шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал нь цахилгаан тасрах эсэх бус, түүнийг өдөр бүр найдвартай ажиллуулдаг хүмүүсийг салбартаа үлдээж чадах эсэх болоод байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ