Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг прокурорт хүргүүлжээ
Улаанбаатар хотын мега төслүүдтэй холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллага энэ оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан нэгдүгээр тойрог замын асуудалд Нийслэлийн Засаг дарга (НЗД)-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан.
Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Т.Даваадалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.Мөнхдалай, мөн газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Ербол болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилсөн.
Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс мөн оны аравдугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ