COP17: Монгол Улс дэлхийн газрын асуудлын төвд 

img

 

Улаанбаатар хот энэ өдрүүдэд дэлхийн газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх бодлогын төв болж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод эхэлж, 28-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн 197 тал оролцож буй энэ удаагийн хурлыг Монгол Улс “Restoring Land. Restoring Hope буюу Газрыг сэргээж, итгэл найдвараа сэргээе” уриан дор зохион байгуулж байгаа юм. 

Манай улсын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 77 хувь газрын доройтолд өртсөн гэх үнэлгээтэй. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр хэлэлцэж буй цөлжилт, бэлчээрийн доройтол, усны хомсдол, гангийн асуудал бол Монголын хувьд ирээдүйн асуудал биш, өнөөдөр малчин өрх, тариалан, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, эдийн засагт шууд нөлөөлж буй бодит сорилт юм. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улс COP17-оос яг юу авч үлдэж байна вэ?

1. Монгол Улс 2028 он хүртэл дэлхийн газрын асуудлаарх яриа хэлэлцээг ахиулна

COP17-ийг зохион байгуулагч Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг бага хурлын Ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогдсон. Ингэснээр Монгол Улс зөвхөн хурлыг зохион байгуулагч биш, COP17-ийн шийдвэр, хэлэлцээний явцыг 2028 он хүртэл удирдах улс болж байна. 

Энэ нь дипломат түвшинд Монголын хувьд хамгийн том бодит үр дүнгийн нэг.

Өөрөөр хэлбэл Монгол Улс дараагийн хоёр жилийн хугацаанд цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлттэй холбоотой олон улсын бодлого, санхүүжилт, түншлэлийн асуудлыг хэлэлцэхэд илүү хүчтэй байр суурьтай байна.

2. Монголын “Газар–Ус–Мод” санаачилга дэлхийн анхаарлын төвд орлоо

Монгол Улс COP17-ийг ашиглан “Газар–Ус–Мод” чиглэлийн санаачилгуудаа олон улсын түвшинд танилцуулж, байгальд суурилсан хөгжлийн төслүүдэд 1–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан.

Гэхдээ энд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй гэдгийг зориуд цохон тэмдэглье. 

1-1.5 тэрбум ам.доллар бол өнөөдрийн байдлаар Монголд орж ирсэн мөнгө биш. Энэ бол Монголын тавьсан хөрөнгө оруулалт татах зорилт. Харин энэ зорилтыг бодит хөрөнгө оруулалт болгох төсөл, санхүүжилтийн механизм, олон улсын түншлэлүүдийг COP17-ийн хүрээнд хэлэлцэж байна.

3. Монголын бэлчээр, нүүдлийн мал аж ахуй дэлхийн бодлогын гол сэдэв болов

2026 он НҮБ-ын Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил гэдгээрээ Монголын хувьд онцгой ач холбогдолтой. COP17-ийн хэлэлцүүлэгт бэлчээр, малчид, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, санхүүжилтийн асуудлыг тусгайлан авч үзэж байна. Наймдугаар сарын 21-нд болсон иргэний нийгмийн нээлттэй хэлэлцүүлэг хүртэл бэлчээр, малчид болон эрүүл газрын санхүүжилтэд төвлөрсөн байна. Энэ нь Монгол Улс өөрийн хамгийн том уламжлалт амьдралын хэв маяг болох нүүдлийн мал аж ахуйн асуудлыг дэлхийн бодлогын хэлэлцүүлэгт гаргаж тавих боломжийг ашиглаж байгааг харуулж байна.

4. Монголын бэлчээрийг “зүгээр нэг байгаль хамгаалал” биш, хөрөнгө оруулалтын төсөл болгох алхам эхэллээ

COP17-ийн Finance Day-ийн хүрээнд Монголын бэлчээрийг нөхөн сэргээх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах тусгай арга хэмжээ зохион байгуулагдсан. Үүгээр Монголын National Green Lab, бэлчээр нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийн багц болон National Green Lab Investors’ Network-ийг танилцуулах ажил хийгдсэн байна. Энэ бол чухал өөрчлөлт.

Өмнө нь “бэлчээрээ хамгаална”, “мод тарина”, “газраа нөхөн сэргээнэ” гэсэн уриа давамгай байсан бол одоо ямар төсөлд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ, хөрөнгө оруулагч ямар өгөөж авах вэ, үр дүнг хэрхэн хэмжих вэ гэсэн санхүүгийн логик руу шилжих шаардлага тавигдаж байна. НҮБ-ын тооцоогоор газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг өнөөгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Гэтэл одоогоор жилд ойролцоогоор 77 тэрбум ам.доллар л дайчлагдаж байгаа учраас асар том санхүүжилтийн зөрүү үүсээд байна. Тиймээс COP17-ийн гол асуудал нь зөвхөн “газраа хэрхэн нөхөн сэргээх вэ?” биш. Мөнгийг хаанаас босгох вэ? гэдэг л

хурлын хамгийн чухал зангилааны нэг болж байна. Банк, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн төсөлд татан оролцуулах, эрсдэлийг бууруулах, төслийг хөрөнгө оруулалт авахуйц болгох асуудлыг COP17-ийн хүрээнд хэлэлцэж байна. 

Харин Монголд бодит үр дүн нь хэзээ мэдрэгдэх вэ?

COP17 амжилттай болсон эсэхийг тайз, зочдын тоо, улаан хивсээр хэмжих боломжгүй. Монгол Улс 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан бол дараагийн алхам нь тэр мөнгийг,

 • доройтсон бэлчээр нөхөн сэргээх,

 • усны эх үүсвэр хамгаалах,

 • худаг, усан хангамжийг сайжруулах,

 • цөлжилтөөс хамгаалах,

 • ойн зурвас болон байгальд суурилсан шийдэл хэрэгжүүлэх,

 • малчдын уур амьсгалын эрсдэлийг бууруулах,

 • газрын доройтлыг хэмжих, хянах технологи нэвтрүүлэх зэрэг хэмжиж болохуйц бодит үр дүнтэй төсөл болгох ёстой.

Өнөөдрийн байдлаар COP17 өөрөө хараахан дуусаагүй учраас эцсийн шийдвэрүүд бүрэн гараагүй байна. Хэлэлцээ үргэлжилж, стратегийн хүрээ, төсөв, гангийн асуудал, бэлчээр болон бусад бодлогын асуудлаар ажлын хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж байна. Монгол Улсын хувьд хамгийн том боломж нь хурлын дараа эхэлнэ. COP17 бол Монголд хоёрхон долоо хоног үргэлжлэх арга хэмжээ биш юм. Хэрэв Монгол Улс энэ хурлаар тавьсан санаачилгуудаа хэрэгжүүлж чадвал 2026–2028 он хүртэл газрын доройтол, бэлчээр, ус, уур амьсгалын тэсвэртэй байдлын асуудлаар олон улсын хөрөнгө оруулалт, технологи, түншлэлийг татах цонх нээлттэй байна. Харин эсрэгээрээ COP17 өндөрлөсний дараа тайлан, зураг, сайхан үг л үлдээд, доройтсон газар хэвээрээ, бэлчээрийн даац хэтэрсэн хэвээрээ, усны хомсдол нэмэгдсэн хэвээрээ байвал энэ боломж бодит үр дүн болж чадсангүй гэсэн үг. Тиймээс COP17-ийн жинхэнэ шалгуур 28-нд биш, 2027, 2028 онд харагдана.

Монгол Улс дэлхийд “цөлжилттэй тэмцэх хурлыг зохион байгуулсан улс” гэдгээрээ үлдэх үү, эсвэл өөрийн доройтсон газар нутгаа бодитоор сэргээж, дэлхийн газрын нөхөн сэргээлтийн шийдлийг туршиж үзүүлсэн улс болох уу гэдэг нь одооноос эхэлж байна. Өнөөдөр Улаанбаатар дэлхийн анхаарлын төвд байна. Харин маргааш Монголын тал нутаг өөрөө энэ хурлын үр дүнг харуулах ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ