Монголын улс төрд бодит асуудлаас илүү хэрүүл маргаан давамгайлж байна
Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн өдөр тутмын амьдралд дарамт нэмэгдсээр байна. Гэвч ийм үед бодит шийдэл, тодорхой бодлогын хэлэлцүүлэг өрнөхийн оронд улс төрийн маргаан, албан тушаалын тэмцэл, хардлага таамаг давамгайлах боллоо.
Шатахууны нийлүүлэлт тасалдаж, түгээлт хязгаарлагдах үед ШТС-уудын өмнө урт дараалал үүсэж, иргэд хэдэн цагаар дугаарлан зогсох, зарим нь шатахуун авч чадалгүй буцах нөхцөл бий болж байна. Шатахууны үнэ өсөхөд тээврийн зардал нэмэгдэж, улмаар хүнс, хүргэлт, нийтийн тээвэр болон бусад үйлчилгээний үнэ дагаад өсдөг.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өрхийн төсөвт хүчтэй дарамт болж байна. Гурил, будаа, мах, сүү, өндөг, хүнсний ногоо зэрэг өдөр тутмын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд иргэд хэрэглээгээ танах, хямд бүтээгдэхүүн сонгох, зарим тохиолдолд зээлээр амьдралаа залгуулахад хүрдэг. Импортын барааны хувьд төгрөгийн ханшийн сулрал, тээвэр, гааль, агуулахын зардлын өсөлт эцсийн үнэд шууд нөлөөлж байна.
Ийм нөхцөлд төр, улс төрийн хүрээнд шатахууны тогтвортой хангамж, үнийн өсөлтийг сааруулах бодлого, өрхийн амьжиргааг хамгаалах арга хэмжээний талаар тодорхой, баримттай хэлэлцүүлэг өрнөх ёстой. Иргэд үнэ яагаад өсөж байгаа, нийлүүлэлт хэзээ тогтворжих, төр ямар арга хэмжээ авч байгаа талаар ойлгомжтой мэдээлэл авах эрхтэй.
Гэтэл бодлогын хэлэлцүүлгийн оронд хачирхалтай мэдэгдэл, хардлага, таамаг давамгайлж, улс төрийн үйл явдал бодит асуудлаас улам холдож байна. Бүр удган, зайран хүртэл улс төрийн маргаанд оролцсон дүр зураг харагдах нь төрийн анхаарал хаашаа чиглэснийг харуулсан гутамшигтай үзэгдэл юм. Улс төр бол иргэдийн амьдралыг сайжруулж, улс орны тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгсэл болохоос хэрүүл маргаан, эрх мэдэл булаалдах талбар биш. Өнөөдөр иргэдэд шатахууны найдвартай хангамж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлого, өргөн хэрэглээний барааны хүртээмж хэрэгтэй байгааг ухаараач УЛСТӨРЧДӨӨ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ