Улстөрийн “улаан” хэрүүл
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон удган Б.Булнайтай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд улс төр, нийгмийн анхаарлын төвд байна.
Б.Булнай өөрийг нь дарамталсан, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх агуулгатай мэдээлэл, бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Тэрээр уг үйлдлийг С.Амарсайхантай холбон тайлбарлаж, хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан гэж мэдэгдсэн.
Харин С.Амарсайхан өөрийн зүгээс уг бичлэгийг зохион байгуулалттай үйл ажиллагааны нэг хэсэг байж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлж, өөрийн болон гэр бүлийнх нь нэр төрд халдсан асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулах байр суурь илэрхийлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтантай холбоотой олон асуудлыг шалгах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар талуудын мэдэгдэл, байр суурь тодорхой байгаа болохоос эцсийн үнэн тогтоогдсон зүйл алга. Тиймээс энэ асуудлыг сошиалын бичлэг, талуудын тайлбар дээр үндэслэн хэн нэгнийг гэм буруутай гэж зарлах бус, хуульд заасан журмаар шалгаж, баримтаар тогтоох ёстой. Гэхдээ энэ дуулианаас Монголын улс төрийн нэг том тэнэглэл нэвт ханхалж байна. Улс оронд эдийн засгийн дарамт, шатахууны хүртээмж, төсвийн асуудал, иргэдийн амьжиргаа зэрэг шийдэх шаардлагатай өчнөөн олон асуудал байхад төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон маргаан өдөр бүр улс төрийн гол сэдэв болж даслаа.
Улс төр гэдэг хүний нэр хүндээр тоглодог, бичлэг цацдаг, сошиалаар бие биенээ буруутгадаг талбар уг нь биш. Төрийн байгууллага гэдэг ч бас улс төрийн өрсөлдөгчөө дарамталдаг, хамгаалдаг хэрэгсэл байх ёсгүй. Гэтэл Монголын улс төрд энэ байдал бүр газар авч, гаарч одоо өдөр бүр иргэдийн оюун санаагаар сигаддаг болоод удлаа.
Улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хэсэг олон нийтийн санаа бодлыг ийм сошиал шуугианаар удирдахад донтож, амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэв хууль зөрчсөн бол баримтаар нь тогтоож, хариуцлага хүлээлгэх ёстой. Хэрэв гүтгэлэг, зохион байгуулалттай ажиллагаа байсан бол мөн адил баримтаар нь тогтоож, хариуцлага тооцох ёстой.
Харин нотлогдоогүй асуудлыг улс төрийн зэвсэг болгож, төрийн байгууллагын нэр хүндийг өдөр бүр хэрүүл маргаанд оруулдаг хэв маяг үргэлжилбэл хохирох хүн нь ганц улс төрч биш. Төрийн институц, хууль дээдлэх зарчим, эцэст нь улс орон өөрөө хохирно.
Монголд өнөөдөр хямдхан улс төрийн шоунаас илүү үнэтэй зүйл болох төрийн хариуцлага, бодит шийдэл хэрэгтэй. Иргэд улс төрчдийн хэн нь хэнийг дийлсэн хэрүүлээс илүү шатахуун нь байна уу, үнэ нь тогтвортой юу, төсөв нь зөв зарцуулагдах уу, ажлын байр нэмэгдэх үү, хууль хүн бүрт адил үйлчлэх үү гэдгийг л мэдэхийг хүсэж байна. Тиймээс энэ асуудлын үнэн мөнийг хууль хяналтын байгууллага тогтоог. Харин улс төрчид нь улс төрийн хэрүүлээ багасгаж, улс орныхоо бодит асуудалд анхаарлаа хандуулмаар юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ