Өнөөдрийн чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэнэ
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хяналт, төрийн худалдан авах ажиллагаа болон төсөвтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ.
Энэ үеэр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц-ыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, зөвшилцөнө.
Мөн УИХ-ын 28 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг асуудлаар асуулт асуух хугацаа 90 минут байна.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэх бөгөөд энэ үеэр 60 минутын хугацаанд асуулт асууж, хариулт авна.
Чуулганаар мөн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.
Үүний зэрэгцээ 2026 оны улсын төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгээр хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ