НИЙСЛЭЛЧҮҮД ҮЛГЭР ЯРЬДАГ ‘’НАМЧДААС’’ ЗАЛХАЖ БАЙНА

img

 

Метроноос өмнө “амласан төслүүд”-ээ хөдөлгөе.

Улаанбаатарын 1.6 сая гаруй иргэн түгжрэлд өдөр бүр цаг хугацаа, мөнгөө алдаж байхад хотын удирдлагуудын яриа жил бүр улам өндөрт нисдэг болжээ. Өнөөдөр метро, трамвай, Sky Shuttle. Маргааш магадгүй сансрын автобус ч амлаж мэдэхээр. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 2027 онд метро, трамвай зэрэг шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилт тавьж, BYD-ийн Sky Shuttle технологийг судалж буйгаа ярив. Тэр ч бүү хэл 2026 оны арванхоёрдугаар сард ТЭЗҮ-ийг хийлгэх асуудлыг шийднэ гэжээ.

Гэхдээ нэг л зүйлийг асуумаар байна. Өмнөх төслүүд чинь хаана явна вэ?

2024 онд танилцуулж, 2025 онд ашиглалтад оруулна гэж зарлаж байсан BRT буюу тусгай замын автобусны төсөл бий. Тухайн үед 12.7 км коридор, 20 буудалтай байхаар төлөвлөж, бүр 2026 оны гуравдугаар сард барилгын ажил эхэлнэ гэж мэдээлж байв. Гэтэл 2026 оны эхээр төслийн нарийвчилсан зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай мэдээллээд чимээгүй болсон. Өөрөөр хэлбэл, иргэдийн автобус хүлээж зогсох хугацааг богиносгох ёстой төсөл өөрөө хэдэн жилийн турш “зураг төсөл, санхүүжилт, сонгон шалгаруулалт” гэсэн тойрогт явсаар байна. Туулын хурдны зам ч ялгаагүй. 32 км урт, зургаан эгнээтэй энэ замын анхны төсөв 916 тэрбум төгрөг байсан. 2026 оны эхэнд нийслэл барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлж, 2027 оны долдугаар сарын 1-нд хөдөлгөөн нээнэ гэж зарласан. Тэгээд эсэргүүцэл, улстөржилттэй тулаад гацсан. Гэтэл  одоо 2027 оны сүүлээр метро, трамвай. Үгүй тэгээд нийслэл хэдэн том төслийг зэрэг амлаж, хэдийг нь зэрэг санхүүжүүлж, хэдийг нь чанартай дуусгаж чадах вэ? 2026 оны нийслэлийн төсөв өөрөө 4.6 их наяд төгрөгийн нийт орлоготой, 3.5 их наяд төгрөгийн суурь орлоготой байхаар төлөвлөгдсөн. Үүний зэрэгцээ 2026 онд 207 шинэ төсөл, 80 шилжих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатарын эдийн засгийн хүчин чадал хязгаартай шүү дээ. 1.6 сая хүнтэй хотын төсөв хэдэн арван их наядын дэд бүтцийн хэрэгцээг ганцхан сонгуулийн мөчлөгт зэрэг үүрэх боломжтой юу? Мэдээж метро, трамвайтай болчихвол сайхан хэрэг. Харин төслийн дараалал, санхүүжилтийн эх үүсвэр, ашиглалтын зардал, эрэлтийн тооцоо, газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, өвлийн нөхцөл, эдийн засгийн өгөөжөө эхлээд ил тод харуулах ёстой. Улаанбаатарчуудад үнэндээ гоё нэртэй шинэ төсөл биш замын түгжрэлийг бодитоор бууруулах нийтийн тээврийн шийдлүүдээ хугацаанд нь дуусгах улс төрийн сахилга бат хэрэгтэй байна.

Дараагийн “мега төсөл”-өө зарлахаасаа өмнө өмнөх мега төслүүдийнхээ явцыг нэг хүснэгтэд гаргаж жагсаагаад олон нийтэд мэдээлмээр байна. Хэдийг нь амласан, хэдийг нь эхлүүлсэн, хэдийг нь дуусгасан, хэдэн төгрөг зарцуулсан, хэдэн төгрөг дутуу байгаа, хэдэн жилийн дараа иргэн үр ашгийг нь хүртэхийг хэл. Тэгвэл иргэд метроны мөрөөдөлд итгэх эсэхээ өөрсдөө шийднэ. Үлгэрийн дараагийн бүлгийг биш, бодит бүтээн байгуулалтын тайланг нийслэлчүүд өнөөдөр шаардаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ