ОХУ-ЫН ШАТАХУУНЫ ХЯМРАЛ МОНГОЛД НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЛЭЭ
АИ-92 бензиний үнэ 3600 төгрөгт хүрч, нөөц 14 хоногт хүрэлцэхээр байна
Монгол Улсад АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөгөөс 3600 төгрөгт болоод буй. Үнийн өсөлтөд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн саатал, шатахууны нийлүүлэлтийн хүндрэл нөлөөлж байна. Энэ сард Монгол Улс 78 мянган тонн АИ-92 бензин нийлүүлэхээр төлөвлөсөн ч импортын үнэ өмнөх сарынхаас тонн тутамд 190 ам.доллароор өсжээ.
Шатахууны нөөц
- АИ-92 бензин — 14 хоногийн нөөцтэй
- Дизель түлш — 30 хоногийн нөөцтэй
Импортын эх үүсвэрийг төрөлжүүлнэ
Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ, Сингапур, Өмнөд Солонгос, Малайз зэрэг улстай хэлэлцээр хийж байна. Мөн 2027 онд шатахууны нөөцийн сав, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаар ажиллавал шатахууны хэрэгцээний 50 орчим хувийг хангах боломжтой гэж албаныхан мэдээлэв. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Монополын эсрэг байгууллагад хяналт шалгалт хийх үүрэг өгсөн байна. Цаашдын үнэ, нийлүүлэлт нь ОХУ-ын үйлдвэрлэлийн нөхцөл байдал болон шинэ эх үүсвэрээс авах шатахууны өртгөөс хамаарах төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ