БИД ГАЗРЫН ТОСТОЙ БАЙЖ ЯАГААД БЕНЗИНГҮЙ СУУНА ВЭ?

img

 

Иргэд нь бензин хайж тэвдэж, харин төрийн зүгээс шалтгааныг нь тайлбарласан мэдэгдлүүд ар араасаа хөвөрсөөр энэ он шувтрахаар байна.

Өглөө ажилдаа явах гэж яарсан хүмүүс бензин хайж хэдэн ШТС-аар эргэлдсээр хагас жилийн хугацаа өнгөрлөө. Шатахуун тасалдахад та бидний амьдрал дагаад гацдагийг бид мэдэрч, одоо бүр дөжирөхөд дасгаж байх шиг байна.

Монгол Улс газрын тос олборлодог. Гэхдээ бидэнд дотоодын үйлдвэр байхгүй учраас шатахууныхаа ихэнх хэрэгцээг гаднаас хангаж ирсэн. Өөрөөр хэлбэл, бид газрын тос олборлож чадах ч тэр тосоо дотооддоо боловсруулж, иргэдийнхээ хэрэглээнд хүргэх боломжоо хангалттай эрт бий болгож чадаагүй. Мэдээж түүхий тосоо экспортолж, боловсруулсан бүтээгдэхүүн импортлох нь худалдааны хувьд боломжгүй зүйл биш. Гэхдээ өөрийн хэрэгцээний шатахууныг тогтвортой нийлүүлэх үйлдвэргүй байна гэдэг нь гадаад талд асуудал үүсэх бүрд бид өөрсдөө хүнд байдалд орно гэсэн үг. Өнөөдөр шатахууны нийлүүлэлт доголдоход иргэд л зовлонг нь үүрч байна.

2028 он хүртэл иргэд яах вэ?

Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах төлөвлөгөөт хүчин чадалтай энэ үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар зэхэж буй. Энэ бол Монгол Улсад хамгийн их хэрэгтэй төсөл. Үйлдвэр ажиллаж эхэлбэл дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж нэмэгдэж, гадаадаас авах бэлэн бүтээгдэхүүний хэмжээг бууруулах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ үйлдвэр ашиглалтад орох хүртэл бид ийм эрсдэлтэйгээ эвлэрч амьдарсаар байх уу? Хамгийн гол нь үйлдвэр баригдаж дуусахыг хүлээгээд бүх асуудал шийдэгдэнэ гэж найдаж болохгүй. Үйлдвэрт түүхий тос хэрэгтэй. Тогтвортой ажиллагаа хэрэгтэй. Боловсруулсан бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, түгээх систем хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэл хүрэлцэхгүй тохиолдолд импортоор нөхөх төлөвлөгөө ч хэрэгтэй. Товчхондоо бидэнд ганц үйлдвэр бус, тасралтгүй ажиллах бүтэн систем шаардлагатай.Тэгээд бид газрын тосоо Хятад руу гаргаад, бензинээ буцааж авах юм уу? Монгол Улсын олборлосон түүхий тосны тодорхой хэсгийг БНХАУ руу экспортолж ирсэн. Харин дотооддоо шатахуун үйлдвэрлэхийн тулд шинэ үйлдвэрээ түүхий тосоор найдвартай хангах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд тодруулах зүйл бол Монголд олборлож байгаа газрын тосны хэдийг нь шинэ үйлдвэрт нийлүүлэх, нийлүүлэх гэрээ нь тодорхой болсон уу? түүхий тос дамжуулах хоолой үйлдвэртэйгээ уялдаж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох уу? гэх зэрэг тодорхойгүй олон асуудал бий. Бид газрын тосоо зүгээр л хил давуулж зараад суух бус, дотоодын хэрэгцээ, эдийн засгийн ашиг сонирхолтойгоо хэрхэн уялдуулах вэ гэдгээ нарны эртэд мухарлах ёстой.

Бидэнд амлалт биш, баталгаа хэрэгтэй

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох нь Монголын хувьд чухал алхам. Гэхдээ 2028 онд үйлдвэр ажиллаж эхэллээ гээд маргааш нь бүх шатахуунаа өөрсдөө үйлдвэрлээд, импортоо бүрэн зогсооно гэсэн үг биш. Үйлдвэрээс гарах бензин, дизель түлшний бодит хэмжээ, дотоодын хэрэгцээ, түүхий тосны нийлүүлэлтээс бүх зүйл шалтгаална. Хэрэв үйлдвэрлэл хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй бол тодорхой хэмжээний импорт цаашид үргэлжлэх нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдрийнх шиг нийлүүлэлтийн доголдол гарахад улс орон даяараа сандардаг байдлыг бууруулах нь төрийн бодлогын бодит зорилго байх ёстой.

Монгол Улс газрын тостой. Одоо бидэнд тэр баялгаа найдвартай шатахуун, тогтвортой нийлүүлэлт, иргэдийнхээ амар тайван амьдрал болгон хувиргах чадвар хэрэгтэй байна. Харин 2028 онд үйлдвэр ашиглалтад орсны дараа ч бид шатахуун хайж, ШТС-ын гадаа дугаарлан, үнэ нэмэгдэх вий гэж айж, маргаашийнхаа хэрэглээнд санаа зовсоор байвал үйлдвэртэй байхын ч хэрэг үгүй биз. Эцсийн дүндээ иргэдэд шатахуун хайж хоног алдахгүй амьдрал хэрэгтэй. Хэрэв үйлдвэр ашиглалтад орсны дараа ч бүх зүйл өнөөдрийнх шигээ хэвээр байвал бид үйлдвэр бариагүйдээ биш, үйлдвэр барих амлалтаа иргэдийн амьдралд бодит өөрчлөлт болгож чадаагүйдээ хариуцлага нэхэх ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ