Мөрдлөгийн үеэр агнасан баавгайн гэдэснээс эрэгтэй хүний цусны ул мөр илэрчээ
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт, суурин газраас алслагдмал байршилд суурьшдаг айлын гэр рүү өнгөрөгч долоо хоног буюу энэ сарын 07-08-нд шилжих шөнө баавгай дайрсны улмаас 44 настай эрэгтэй амь насаа алдаж, 55 настай эмэгтэй хүнд гэмтсэн ноцтой хэрэг гарсан.
Улмаар хэрэг гарсан өдөр буюу 2026.10.08-ны өдрийн 11:00 цагийн орчмоос эхлэн хүний амь хохироосон баавгайг хайж олох эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид болон сайн дурын анчид зэрэг бүрэлдэхүүн оролцсон байдаг.
Ингээд тухайн өдрийн 22:00 цагийн орчимд хэрэг гарсан газрын ойролцоо баавгайг олж агнасан байна.
Энэ талаар баавгайг агнасан анчин ярихдаа “Тухайн баавгайг хоёр үхэр рүү гэтэж байхад нь 280 метрийн зайнаас хоёр удаа буудаж устгасан” гэжээ.
Харин баавгайг агнасны дараа “Тус баавгай нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан амьтан мөн эсэхийг тогтоолгохоор” түүний сэг зэмийг шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэгвэл шинжилгээний эхний дүгнэлтээр тус баавгайн гэдэснээс эрэгтэй хүний цусны ул мөр илэрсэн нь тогтоогджээ. Гэхдээ илэрсэн цусны дээж нь амь хохирсон 44 настай эрэгтэйнх мөн эсэхийг тогтоохоор нарийвчилсан шинжилгээг эхлүүлээд байгаа аж.
Шүүх шинжилгээний хариу ердийн нөхцөлд 21–30 хоногт гардаг хэдий ч ноцтой үйл явдал болсонтой холбогдуулан шинжилгээний ажлыг шуурхай зохион байгуулж, эхний шинжилгээний хариуг зургаан хоногийн дотор гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ