ФРАНЦЫН 700 ОРЧИМ СУПЕРМАРКЕТ КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ

img

 

Францын томоохон супермаркетын сүлжээнүүдийн хөргөлтийн системд кибер халдлага гарсны улмаас олон дэлгүүр хүнсний бүтээгдэхүүнээ устгахад хүрчээ. Leclerc, Intermarché болон Coopérative U сүлжээнүүд халдлагад өртсөнөө AFP агентлагт баталсан байна. Coopérative U-ийн гүйцэтгэх захирал Доминик Шелшерийн мэдээлснээр халдлага ням гарагийн орой эхэлсэн бөгөөд тэрбээр уг үйл явдлыг урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг хэмээн тодорхойлжээ. Intermarché сүлжээний 150–200 дэлгүүр, Coopérative U-ийн 100 орчим дэлгүүр халдлагад өртсөн бол Carrefour групп 6000 дэлгүүрээсээ 80-д нь нөлөөлсөн гэж мэдээлсэн байна. Мөн Casino группийн мэдээлснээр Monoprix сүлжээний дэлгүүрүүдийн тав орчим хувь халдлагад өртжээ.

Одоогоор нийт хэдэн дэлгүүр хохирол амссан нь тодорхойгүй байгаа бөгөөд сүлжээ тус бүрийн мэдээлэл харилцан адилгүй байна.

BFMTV телевизийн мэдээлснээр халдагчид хөргөлтийн төхөөрөмжийн хянагчийг алсаас удирдаж, гэсгээх горимд тасралтгүй ажиллуулахаар тохируулан зорилтот температурыг 50 хэмд хүргэсэн байна. Түүнчлэн Данийн Danfoss компанийн үйлдвэрлэсэн хөргөлтийн хянагчууд халдлагын бай болсон бөгөөд халдагчид програм хангамжийн хуучин хувилбаруудын сул талыг ашигласан байж болзошгүй гэж мэдээлжээ.

Хөргөлтийн системийн хэвийн ажиллагаа алдагдсанаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын температурын шаардлага зөрчигдөх эрсдэл үүсэж, зарим дэлгүүр бүтээгдэхүүнээ устгахад хүрчээ. BFMTV салбарын эх сурвалжид тулгуурлан, халдлагын улмаас учирсан нийт хохирол хэдэн сая еврод хүрч болзошгүй гэж мэдээлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ