ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ УУ, ЗАСАГТ ШУРГАЛАХ УУ?
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй. Гэтэл өнөөдрийн бүлгийн хуралд ердөө 17 гишүүн иржээ. Бараг тал нь ч биш. 25 гишүүн нь хаана, юу хийж яваа юм бүү мэд. Бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдсоноос хойш ирцийн асуудал ийнхүү асуудал болоод буй. АН-ын бүлэг дотроо нэг байр суурьтай байж чадахаа больсон уу, эсвэл зарим гишүүн нь улс төрийн өөр тохироо хүлээгээд хуралдаа ирэх шаардлагагүй гэж үзэж эхэлсэн үү? Бүлгийн дарга нь гишүүдээ нэг ширээнд суулгаж чадахгүй байхад Засгийн газрыг огцруулах тухай улс төрийн том шийдвэрийг яаж нэгтгэх вэ гэдгийг ч асуухад хүргэж буй. АН-ын хувьд Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудал шинэ сэдэв биш. Тус намын 41 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан гэх. Харин уг саналыг яг хэзээ албан ёсоор өргөн барихаа эцэслээгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга Б.Түвшин мэдэгдсэн ч 2027 оны төсвийн тодотгол батлагдсаны дараа буюу ирэх долоо хоногоос Н.Учралыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ О.Цогтгэрэл өнгөрөч долоо хоногт мэдэгдсэн нь бий.
Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрхтэй. Одоогийн 126 гишүүнтэй парламентад энэ нь 32 гишүүн гэсэн үг. Тэгэхээр 41 гарын үсэг бол асуудлыг албан ёсоор эхлүүлэхэд хангалттай тоо. Харин Ерөнхий сайдыг огцруулахын тулд УИХ-ын нийт гишүүний олонх буюу 64-өөс доошгүй нь дэмжих шаардлагатай. Эндээс л МАН-ын дотоод хуваагдал АН-ын эв нэгдэл харагдах биз. МАН доторх 30-ын бүлэг АН-ын огцруулах саналтай нэг талд кноп дарвал Н.Учралын Засгийн газарт тун хүнд нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хувь заяа зөвхөн АН-ын 42 гишүүнээс бус, МАН-ын дотоод зөрчил хэний талд шийдэгдэхээс хамаарч мэдэхээр байна.
АН-ынхан Н.Учралыг огцруулах гэж байна уу, Засгийн газарт орох гэж байна уу?
Хамгийн сонирхолтой нь, Засгийн газрыг огцруулах 41 гарын үсэг цугларсан гэх мэдээлэлтэй зэрэгцээд АН-ын зарим гишүүн Н.Учралын Засгийн газарт хамтрах сонирхолтой байгаа гэх яриа улс төрийн хүрээнд эрчимжиж байна. Тиймдээ ч таван сайдын суудал ярианы сэдэв болоод буй. Хэрэв АН үнэхээр Засгийн газрыг огцруулах байр суурьтай байгаа бол яагаад бүлгийнхээ гишүүдийг нэгтгэж чадахгүй байна вэ? Эсвэл эхлээд огцруулах дарамт үзүүлж, дараа нь тэр дарамтаа сайдын суудал болгон хувиргах тактиктай байж мэдэх л юм. Н.Учралын хувьд ч Засгийн газраа авч үлдэхийн тулд АН-ын тодорхой хэсэгтэй ойлголцох сонирхол байхыг үгүйсгэхгүй. Учир нь Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай яриа ч мөн зэрэгцэн гарч эхлээд байгаа. Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг чөлөөлж, түүний оронд Ж.Энхбаярыг томилох, харин Ж.Энхбаярын оронд Б.Чойжилсүрэнг оруулж ирэх хувилбар яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн зарим сайдын суудалд өөрчлөлт орох тухай нэрс улс төрийн хүрээнд хөвөрч байна. Энэ бүхнийг одоогоор Засгийн газрын албан ёсны шийдвэр гэж хэлэхэд эртдэх ч сайд нарын суудлын тухай яриа 41 гарын үсэг, АН-ын бүлгийн ирцийн асуудалтай нэг цаг үед давхцаж байгааг анзаарахгүй үлдээж болохооргүй л байгаа юм. Нэг талаас Н.Учрал Засгийн газраа авч үлдэхийн тулд өөрийн танхим доторх суудлын хуваарилалтыг дахин хийх шаардлагатай болж мэднэ. Нөгөө талаас АН-ын зарим гишүүн сайдын суудалд хүрэхийн тулд огцруулах асуудлыг улс төрийн хөзөр болгон ашиглаж байгааг ч үгүйсгэхгүй. Харин энэ бүхний дунд Д.Батлут, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нарын нэр яригдаж байгаа нь МАН-ын дотоод тохироо ч бүрэн дуусаагүйг харуулж байна.
2027 оны төсөв батлагдсаны дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөдөлгөнө. Төсвөө батлуулж авсан Засгийн газар дараа нь улс төрийн хүчний харьцаагаа дахин тооцох боломжтой. Харин АН-ын хувьд төсөв батлагдсаны дараа огцруулах асуудлыг хөдөлгөх нь Н.Учралд үзүүлэх дарамтаа хадгалах нэг арга байж мэднэ. Н.Учралын хувьд АН-ын бүх гишүүнийг ятгах шаардлагагүй байж мэднэ. Түүнд ердөө шаардлагатай тооны гишүүний байр суурийг өөрчлөхөд л улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Харин АН-ын хувьд 41 гарын үсэг нь бодит огцруулах санал уу, эсвэл сайдын суудалтай яриа хэлэлцээ хийхэд ашиглах улс төрийн барьцаа юу гэдгээ харуулах цаг ирж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ