Засгийн газрын нууц тогтоол хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилан мэхлэхийг завджээ
Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бүлэг этгээдтэй хамтран Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээний мөнгөөр залилан мэхлэхийг завдсан хэргийг хууль хяналтын байгууллагаас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Тодруулбал, дээрх этгээдүүд БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдсэн байна.
Уг хуурамч тогтоолд нэр бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компанийн хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэл өгсөн хэмээн тусгажээ.
Мөн тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан гэх албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн аж.
Түүнчлэн хэрэгт холбогдогч “Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх хэмээн бусдад танилцуулж, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлдэг байжээ. Улмаар төрийн байгууллагад албан ёсны уулзалт хийж байгаа мэтээр ойлгуулан, залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завдсан байна.
Одоогоор холбогдогчдыг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ