Абу Дабид Украины дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж байна
АНУ, ОХУ, Украины гурван талт энхийн хэлэлцээний шинэ үе шат Абу Даби хотноо энэ долоо хоногт эхэллээ. Мягмар гаригт /2026.11.10/ болсон хэлэлцээ дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд АНУ, Украины талууд хэлэлцээг үр дүнтэй болсон гэж мэдэгдэж байна. Дараагийн уулзалт өнөөдөр /2026.11.11/ болж байгаа бололтой. Өнөөдөр бол яриа хэлэлцээний хамгийн гол өдөр гэдгийг Зеленский Мягмар гаригийн орой мэдэгджээ.Өнөөдрийн хэлэлцээгээр хурцадмал байдлыг намжаах тухай болон Оросын ерөнхийлөгч Путинтэй уулзах хувилбарыг авч хэлэлцэх аж.
ОХУ гурван талт хэлэлцээг дэмжиж буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Гэсэн ч НАТО болон Европын холбооны албан тушаалтнууд тусдаа яриа хэлэлцээ хийхээр Арабын нэгдсэн Эмиратын нийслэлд хүрэлцэн ирээд байгаа аж. Европын удирдагчид ерөнхийдөө Оросын санаа зорилгод эргэлзсэн байдалтай байгаа юм. Тухайлбал, Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас Даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ "ОХУ-д сайн санааны үүднээс хэлэлцээ хийхэд бэлэн байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй" гэжээ.
Яг одоо Абу Дабид үргэлжилж буй хэлэлцээг АНУ-ын талаас Трампын хүргэн Жаред Кушнер, Ойрхи Дорнодын элч төлөөлөгч Стив Виткофф нар төлөөлж байна. Харин Украины талаас Гадаад тагнуулын албаны дарга Рустем Умеров оролцож байна. ОХУ-ын хувьд Гадаад хэргийн дэд сайдууд болох Сергей Рябков, Михайл Галузин, Кремлийн зөвлөх Владимир Мединский, Цэргийн тагнуулын газрын дарга Игорь Костюков, Жанжин штабын гишүүн Юрий Жигарловский нарыг илгээжээ.НАТО, Европын холбооны төлөөлөгчдөөс гадна "E4" буюу Их Британи, Франц, Герман, Италийн төлөөлөгчид ч ирсэн байна. Тэд Мягмар гаригийн гурван талт хэлэлцээний өмнө АНУ, Украины төлөөлөгчидтэй тусдаа уулзжээ.
Европын албаныхан Абу Дабид ирсэн байгааг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров шүүмжилжээ. Тэднийг оролцууллаа гээд үр дүнгүй гэсэн байр суурийг тэр илэрхийлж байна. Лавров хэлэхдээ "Европын оролцооны тухайд бол за яахав, тэд Абу Дабид нисээд ирж. Тэгвэл зочид буудалдаа л сууцгааж байг" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ