ЧИНГИС ХААНЫ ЕСӨН МОРЬТНЫ ХҮРЭЛ БАРИМАЛ, “ӨНДӨР ХААН” ХӨГЖМИЙН БҮТЭЭЛИЙГ МУЗЕЙН САН ХӨМРӨГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан “Таван нүдэн” брэндийн санаачилгаар бүтээсэн “Чингис +8”, “Өндөр хаан” нэртэй урлагийн дөрвөн шинэ бүтээлийг өнөөдөр /2026.11.11/ Чингис хаан Үндэсний музейд анх удаа танилцуулж, музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө.
Тодруулбал, “Чингис +8” цогц бүтээлд Чингис хаан болон түүний итгэлт найман баатрыг морьтойгоор дүрсэлсэн есөн морьтны хүрэл баримал, мөн тэдний түүхэн гавьяаг өгүүлэх баримтат кино багтжээ.
Харин “Өндөр хаан” бүтээл нь 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан үеийн Чингис хааны 44 насны дүр төрхийг илэрхийлсэн 1.5 метр өндөр хүрэл баримал болон хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан хөгжмийн бүтээлээс бүрдэж байна.
Хөгжмийн бүтээлийг Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор, гоцлол морин хуурч Д.Шинэцогийн оролцоотойгоор анх удаа эгшиглүүлжээ.
Эдгээр бүтээлийг дизайнер, зураач Б.Ганбатын эх зохиомжид үндэслэн уран барималч Г.Санчирболд болон түүний баг урлан бүтээсэн байна.
Энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэж буй “Таван нүдэн” брэнд “Өвөөс өв бүтээнэ” үзэл санааны хүрээнд бүтээсэн эдгээр бүтээлээрээ Монголын түүх, соёлын өвийг урлагийн шинэ хэлбэрээр баяжуулж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ