Г.ДАМДИННЯМ САЙДАА АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛОХГҮЙ
Шатахууны үнийг бууруулна гэсэн сайдын амлалт салбарынх нь хамгийн том шалгуур болох нь ээ.
Г.Дамдинням сайд шатахууны үнийг бууруулна гэж ам алдлаа. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Харин энэ удаа хэлсэн үг нь сайдын хувьд хамгийн хүнд даваа болж мэдэхээр байна. Учир нь шатахууны үнэ нэмэгдэх бүрд иргэдийн нуруун дээр ирдэг ачааг тэгэс ингэсхийгээд тайлбарлаж ам тагладаг ч нэмэгдсэн үнэ буцаад буурсан түүх бараг байхгүй дээ. Манайд үнэ өсөх шалтгаан хэзээд олддог. Дэлхийн зах зээл, валютын ханш, тээвэр ложистик, нийлүүлэгч орны бодлого гээд тайлбарлах зүйл мундахгүй. Харин бууруулах тухай болохоор нөхцөл байдал өөр болж хувирдаг. Нэгэнт нэмэгдсэн үнэ буцаж буухгүй, иргэд ч эцэст нь тэр өсөлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үлддэг. Ялангуяа шатахууны үнэ ийм л замаар явж ирлээ. Тиймээс Г.Дамдинням сайдын амлалт зүгээр нэг улс төрийн мэдэгдэл биш. Харин өөрийнх нь салбарт хийсэн ажил, гаргасан шийдвэрийг хэмжих бодит шалгуур болж байна. Сайд 2025 оны зургаадугаар сарын 17-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсоноос хойш шатахууны үнэ, нийлүүлэлт ямар зам туулсныг эргээд харъя.
450 төгрөгийн өсөлт жолоочдын халааснаас гарсан
Г.Дамдинням сайдыг ажлаа хүлээн авах үед нийслэлд энгийн АИ-92 автобензин литр нь 2590 төгрөгийн үнэтэй байв. Энэ үнэ 2025 оны зургадугаар сараас 2026 оны долдугаар сар хүртэл үндсэндээ өөрчлөгдөөгүй гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны нэгдүгээр сарын 20-ны мэдээлэлдээ дурдсан байдаг. Гэвч долдугаар сарын 15-наас эхлэн АИ-92 бензиний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдэж, 2840 төгрөгт хүрэв. Үүнээс ердөө сарын дараа дахин 200 төгрөгөөр өсөж, 3040 төгрөг болсон юм.
Ингэснээр сайдыг ажлаа авснаас хойш энгийн АИ-92 бензиний үнэ нийт 450 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Тооцоод үзэхэд 50 литрийн сав дүүргэхэд жолооч өмнөхөөсөө 22,500 төгрөгөөр илүү төлнө. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийн өсөлт айл өрхийн өдөр тутмын хэрэглээнээс шууд хумслагдаж буй мөнгө юм. Үүн дээр Евро-92 бензиний үнийн өсөлт ч нэмэгдэнэ. 2026 оны наймдугаар сард Евро-92-ын үнэ огцом өсөж, зарим шатахуун түгээх станцад 5000 төгрөг давсан. АИ-92, Евро-92 хоёр өөр өртөг, өөр нөхцөлтэй бүтээгдэхүүн ч хэрэглэгчийн хувьд ялгаа байхгүй. Шатахуун авах бүрд халааснаасаа илүү мөнгө гаргана.
Мэдээж шатахууны үнийг дан ганц сайдын шийдвэрээр тогтоохгүй. Монгол Улс шатахууны хэрэглээгээрээ импортын хамааралтай улс. Нийлүүлэлтийн дийлэнх буюу 90-98 орчим хувийг ОХУ-аас авдаг. Ийм нөхцөлд ОХУ-ын нийлүүлэлт, экспортын бодлого, худалдан авах үнэ, тээвэрлэлтийн нөхцөл манай зах зээлд шууд нөлөөлөх нь аргагүй. Долдугаар сард шатахууны үнэ нэмэгдэхэд албаныхан ч үүнийг ОХУ-тай байгуулсан нийлүүлэлтийн гэрээний нөхцөл өөрчлөгдсөнтэй холбон тайлбарласан. Өмнө нь “Роснефть” компани АИ-92 бензинийг тонн тутмыг 705 ам.долларын тогтмол үнээр нийлүүлж байсан бол цаашид дэлхийн газрын тосны үнийн өөрчлөлттэй уялдсан, ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан нөхцөлд шилжсэн гэх тайлбарууд өгсөн юм. Хараат улсын зовлон их. Монгол Улсын шатахууны зах зээл гадаад хүчин зүйлээс хэт хамааралтай байна. Гэхдээ энэ хамаарал олон жилийн турш хуримтлагдсан бодлогын сул тал, шийдлээ хүлээсэн асуудал. Шатахууны нийлүүлэлт доголдох бүрд ОХУ руу харж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хүсэлт тавьдаг. Үнэ өсөх бүрд гадаад зах зээлийн нөхцөл байдлыг тайлбарладаг. Монгол Улс шатахууны асуудлаа хэдий болтол өөр улсын шийдвэрээс хамааруулж амьдрах вэ?
Салбарын сайд нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, стратегийн нөөцөө нэмэгдүүлэх, агуулах савны хүчин чадлыг сайжруулах, импортын эрсдэлийг бууруулах, гадаад зах зээлийн үнийн савлагааг дотоодын хэрэглэгчдэд шууд үүрүүлэхгүй байх бодит механизм зэрэг нь салбарын сайдаас шаардах хамгийн наад захын ажил нь. Г.Дамдинням сайд шатахууны үнийг бууруулна гэж амласан бол одоо тэр амлалтаа бодит ажил болгох л үлдлээ. Иргэдэд дахин нэг удаа гадаад зах зээлийн нөхцөл байдал, нийлүүлэгч орны бодлого, тээвэр ложистикийн хүндрэлээ тоочих хэрэггүй болох нь. Энэ бүхнийг иргэд аль хэдийн хангалттай сонссон. Сайд хүн зовлон биш, шийдэл олох гэж томилогддогийг Г.Дамдинням сайд биднээр хэлүүлтгүй мэднэ. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ өсөхөд сайд ямар тайлбар хэлэх бол гэсэн хүлээлттэй байсан бол бол одоо бууруулж чадах эсэх нь л чухал боллоо. Энэ амлалт биелэхгүй бол Г.Дамдинням сайдын хувьд хамгийн том улс төрийн эрсдэл нь сөрөг хүчний шүүмжлэл харин өөрийнх нь хэлсэн үг өчиггүй унагаах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ