Төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хураах өргөдлийг байнгын хороонд шилжүүллээ
Иргэн Б.Болдбаатар "Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих" агуулгатай цахим нийтийн өргөдөл санаачилж, энэ оны аравдугаар сарын 2-ны өдрөөс иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар тус өргөдөл 100,00 хүний санал авчээ. Тиймээс тус өргөдөлд дурдагдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо тус өргөдлийг хуульд заасны дагуу хэлэлцэж, санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах чиглэл өгч байгаагаа мэдэгдэв.
Мөн тэрбээр "Хууль бус хөрөнгийг хураах асуудлыг иргэд их ярьж байгаа. Иргэдийн санал бол зүй ёсны шаардлага. Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Засгийн газраас энэ хуулийг 2025 оны зургаадугаар сард өргөн барьсан боловч буцаагаад татаж авсан. Есдүгээр сарын 1-ний дотор сайжруулаад өргөн барина гэсэн боловч одоог хүртэл байхгүй. Засгийн газар энэ хуулийг яаралтай өргөн барих хэрэгтэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ