АНУ-д Ирантай гэрээ байгуулах хэрэгцээ байхгүй болсныг Трамп мэдэгдэв
Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэд ерөнхийлөгчдөө Ирантай дайн зогсоох гэрээ хэлэлцээр байгуулахад бус, харин дотооддоо луйвар, залилантай тэмцэх ажилд бүрэн анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болгосныг мэдэгджээ.
"Бидэнд Ирантай хийх хэлэлцээр хэрэггүй. Тэр цаг үе аль хэдийн өнгөрсөн. Тэдний мөнгө болох олон зуун тэрбум бидэнд байгаа, бас тэдний хоолой (тэнгисийн хоолой) ч бидний хяналтад байгаа!" хэмээн Трамп өөрийн сошиал хуудсанд бичсэн байна.
Лхагва гарагт “The Wall Street Journal" сонин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ираны аюулгүй байдлын өндөр албан тушаалтантай нүүр тулан уулзах боломжийг судалж байгаа тухай мэдээлсний дараахан түүний энэхүү мэдэгдэл гарсан юм.
Тус сонины мэдээлснээр Трамп саяхан өөрийн туслахууд болон хамтран ажиллагсдадаа “Техрантай хийх яриа хэлэлцээг Жэй Ди Вэнс дахин эхлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлж, түүнд ингэх эрх мэдэл олгосон юм байна.
Ийм төрлийн нүүр тулсан уулзалт нь ер бусын, онцгой ховор алхам болох юм.
Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ өсөж, харин Уолл Стритийн фьючерсүүдийн ханш унажээ.
Бүгд Найрамдах нам энэ сард болсон завсрын сонгуульд томоохон ялагдал хүлээж, Ардчилсан Нам хууль тогтоох байгууллагад олонх болсны дараахан Трамп ийм байр суурь илэрхийлж байна.
Ирантай холбоотой мөргөлдөөнөөс үүдэлтэй АНУ-д шатахууны үнэ огцом өссөн нь сонгогчид Бүгд Найрамдах намаас нүүр буруулах гол хүчин зүйлүүдийн нэг болсон гэж үзэж байгаа.
Жэй Ди Вэнс ч мөн сонгуульд намаа ялагдахад Ирантай холбоотой мөргөлдөөн нөлөөлсөн гэж үзэж буй Бүгд Найрамдах намын гишүүдийн нэг юм.
Хоёрдугаар сарын сүүлчээр АНУ болон Израиль улс Иранд довтолсноор эхэлсэн энэхүү мөргөлдөөний улмаас Техран эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг хаасан нь дэлхийн эдийн засагт ноцтой хүндрэл учруулж, эрчим хүчний зардлыг огцом өсгөхөд хүргээд байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ