Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 20-нд болно
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 20-нд эхлэхээр товлогджээ.
Прокурорын байгууллагаас ямар яллах дүгнэлт үйлдсэн талаар товч танилцуулбал: Н.Тавинбэх нь 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад байдаг албан тушаалтанд нөлөөлж түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулж компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан. “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж 9 сая төгрөгийн санхүүжилт авсан.2023-2024 онуудад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн бусдад үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосны улмаас компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 11 сая төгрөгийн хохирол учруулсан.2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Техникийн комисс томилох тухай” тушаал гарган тухайн ажлыг хүлээн авхуулж, өөрийн хамаарал бүхий “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн. Гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан.2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа П.Т-г Эрчим хүчний сайдын орон тооны зөвлөхийн албан тушаалд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ