Ханхүү Харри Украинд айлчилж, дайнд шархадсан цэргүүдтэй уулзжээ
Их Британийн ханхүү Харри Украинд гэнэтийн айлчлал хийж, дайнд шархадсан ахмад дайчид болон эмнэлгийн ажилтнуудтай уулзжээ.
Тэрбээр Бямба гаригт (2026.11.14) Украины баруун хэсгийн Львов хотод болсон Үндэсний “Invictus Games” тэмцээн болон дайны үеийн эмнэлгийн тусламжийн бага хуралд оролцсон байна. Уг арга хэмжээг дайнд шархадсан хүмүүсийг нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн “Superhumans” эмнэлэг зохион байгуулжээ.
Ханхүү Харри Украинд дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ үеэр “Украинд ирэх бүрд хүмүүсийн халуун дулаан хандлагыг мэдэрдэг” гэж ярьжээ. Мөн Украины ард түмэнд хандан “Та бүхэн энэ дайнд ялна” гэж хэлсэн байна.Одоогоор Украинд байлдааны ажиллагаанд оролцсон 1.4 сая орчим ахмад дайчин байгаа бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж.
Айлчлалынхаа үеэр тэрбээр ирэх онд Английн Бирмингем хотод зохион байгуулагдах “Invictus Games” тэмцээнд Украиныг төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдөж буй тэргэнцэртэй регбигийн тамирчдын тоглолтыг үзжээ. Одоогоор 500 орчим хүн сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн бөгөөд Украин улс тус тэмцээнд түүхэндээ хамгийн олон буюу 60 тамирчинтай баг илгээхээр төлөвлөж байна.
Ханхүү Харри 2014 онд “Invictus Games” санг байгуулсан. Уг сан нь дайнд шархадсан цэргийн алба хаагчид, ахмад дайчдыг спорт болон нөхөн сэргээх хөтөлбөрөөр дамжуулан дэмжих зорилготой юм.
Тэрбээр дайнд шархадсан ахмад дайчидтай уулзахдаа “Дайн дуусаж, Украин ялалтын дараа сэргэн босох үед та бүхнийг Invictus Games тэмцээнийг зохион байгуулахад бид дэмжихэд бэлэн байна” гэжээ.
Мөн тэрбээр өнгөрсөн жил Канадын “Invictus Games” тэмцээнд оролцсон Украины цэргийн алба хаагч Валерий Одайниктай уулзжээ. Харри түүнийг спортын бэлтгэлээ хэрхэн амжуулдгийг сонирхсон байна. Одайник хэдийгээр дайнд хөлөө алдсөн ч одоог хүртэл Украины зэвсэгт хүчинд алба хааж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ