Н.ТАВИНБЭХИЙН НЭР ХОЛБОГДСОН 318 САЯЫН ХЭРЭГ

img

 

Н.Тавинбэх нарын 318 сая төгрөгийн авлигын хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 20-нд болно.

Төрийн өмчит эрчим хүчний компаниудын удирдлагуудын албан тушаалаа урвуулан ашигласан, хууль бус урамшуулал, тендерийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргээр дөрвөн хүний хэрэг шүүхэд шилжиж байна. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Р.Дагдан, тус компанийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга асан А.Энхбат нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт эхлэхээр товлогджээ. Прокурорын байгууллагаас дөрвөн хүнд холбогдуулан 318 сая төгрөгийн авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэх юм.

Н.Тавинбэхийн нэр холбогдсон хэрэг 2019 оноос эхлэлтэй. Тэрээр тухайн үед “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар, Н.Тавинбэх нь өөрийн шууд удирдлагад ажилладаг албан тушаалтанд нөлөөлж, тухайн ажилтны хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулсан гэх үндэслэлээр шалгагдаж буй. Үүний улмаас компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ. Мөн “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж, есөн сая төгрөгийн санхүүжилт авсан гэх үйлдэл яллах дүгнэлтэд багтсан байна.

Хэргийн дараагийн хэсэг 2023-2024 оны үед хамаарна. Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит компаниудын удирдлагуудтай холбоотой шийдвэр гаргалтад оролцсон гэх асуудал үүсжээ. Тодруулбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Р.Дагдан, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүй цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, компанид 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэж прокурор үзсэн байна. Түүнчлэн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн ажилтнуудад үндэслэлгүй цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосноор тус компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д мөн ийм замаар 11 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд тусгасан байна. Харин Б.Бат-Эрдэнэ 2022 онд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хууль зөрчин бусдад удаан жилийн нэмэгдэл олгож, 14 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт давхар холбогдож байна.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын мөнгөн хөрөнгийг хэн, ямар үндэслэлээр, ямар шийдвэрээр зарцуулсан бэ гэдэг асуудал энэ хэргийн гол сэдвүүдийн нэг болж байна. Н.Тавинбэхийг “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Техникийн комисс томилох тухай” тушаал гаргаж, ажлыг хүлээн авхуулан, өөрийн хамаарал бүхий “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн гэж прокурор буруутгажээ. Мөн гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэл яллах дүгнэлтэд багтсан байна. Үүнээс гадна 2020 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа П.Т-г сайдын орон тооны зөвлөхөөр томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан гэж үзжээ. Ийнхүү Н.Тавинбэхийн хувьд төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан үеэс эхлээд яамны Төрийн нарийн бичгийн дарга, улмаар сайдын албыг хашиж байсан үетэй нь холбоотой хэд хэдэн үйлдэл нэг яллах дүгнэлтэд багтжээ. Энэ хэрэгт зөвхөн мөнгөн дүнгийн асуудал яригдахгүй нь. Төрийн өмчит компаниудын хөрөнгө хэрхэн зарцуулагдаж, тендер, цалин урамшууллын шийдвэрт албан тушаалтнуудын эрх мэдэл, ашиг сонирхол хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг сөхөж байна. Одоо шүүх яллах дүгнэлтэд дурдсан үйлдэл бүрийг нотлох баримтаар хэлэлцэж, шүүгдэгч тус бүрийн гэм бурууг тогтооно.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ