МАН-ЫНХААН, ТА НАР ЭНЭ УЛСЫГ ТОНOЖ ДУУСЛАА!
Найман жил эрх барьсан намын дотоод хагарал өнөөдөр Монголын төрд юу болж байгааг өөрсдийнх нь амнаас илчилж эхэллээ.МАН-ынхан хоорондоо муудалцахаараа л авлига, хулгай, луйвраа ярьдаг. Улсын мөнгө завшсан, тендер будлиантуулсан, оффтейк гэрээгээр баяжсан, авлига авсан гээд муу муухай бүхэн энэ намынхнаас гарч байна.
Энэ улсын мөнгө, баялаг, төсвийг хэн хэнтэйгээ хувааж идэж ирсэн юм бэ?
2016 оноос хойш МАН засгийн эрхийг барьж ирлээ. Энэ хугацаанд дөрвөн жилээр хэмжигдэх сонгуулийн бүрэн эрхүүдийг дамнан төрийн бодлого, төсөв, томилгоо, төрийн өмчит компаниудын удирдлагад давамгай нөлөөтэй байлаа.
Авлига буурсан уу? Төрийн худалдан авалт ил тод болсон уу? Төрийн өмчит компаниуд иргэдийнхээ төлөө ажилладаг болсон уу? Монголын баялаг ард түмэндээ илүү өгөөжтэй болсон уу?
Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2016 онд 38 оноотой байсан бол 2025 онд 31 оноотой болж, дэлхийн 182 улсаас 124 дүгээр байрт жагсав. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд авлигын эсрэг засаглалын үзүүлэлт долоон оноогоор ухарлаа.
ЖДҮХС: Төрийн боломжийг намынхны халаас руу чиглүүлсэн анхны том хулгай
2018 оны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дуулианыг санаж байна уу? Жижиг бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох ёстой сангаас УИХ-ын гишүүд, сайд нар, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой компаниуд зээл авсан асуудал ил болсон. Тухайн үед олон улсын хэвлэлүүд хүртэл Монголын төрийн сангийн мөнгө албан тушаалтнуудын гэр бүл, ойр дотнын хүмүүсийн компаниудад очсон тухай мэдээлж байв. Дэлхийн банк ч 2018 оны ЖДҮХС-ийн дуулианыг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлсөн томоохон авлигын дуулиан хэмээн баримтжуулсан байдаг. Жижиг бизнес эрхлэгчид банкнаас өндөр хүүтэй зээл авч, түрээс, цалингаа арай ядан төлж байхад төрийн эрх мэдэлтэй хүмүүс хөнгөлөлттэй зээлийн боломжийг өөрсдийн хүрээлэлд ашигласан гэх асуудал улс даяар шуугиан тарьсан. ЖДҮХС бол зүгээр нэг зээлийн сангийн асуудал биш байлаа. Төрийн боломжийг хэнд зориулж, хэн хуваарилж байгааг харуулсан хэрэг байсан юм. Том хулгайн нэр нь солигдсон ч хулгай нь улам мега болсон. 60 тэрбумын дуулиан намжаагүй байтал ЖДҮХС-ийн хэрэг гарсан. ЖДҮХС-гийн асуудал мартагдаагүй байтал Хөгжлийн банкны зээл, төрийн мөнгөөр тэтгүүлсэн компаниудын хэрэг дэлбэрсэн. Хөгжлийн банкны дуулиан намжаагүй байтал нүүрсний хулгай гэх хэдэн арван их наядын асуудал сөхөгдсөн. Нүүрсний хэрэг хуучраагүй байтал оффтейк гэрээ, төмөр замын санхүүжилт, хэдэн зуун тэрбумын урьдчилгаа төлбөрийн маргаан гарч ирлээ. Том хулгайн нэр нь л солигдсоноос хулгай нь зогсоогүй. Харин хэмжээ нь улам томорч, арга нь улам нарийсч, хамрах хүрээ нь улам тэлжээ. Эхэндээ хэдэн тэрбумын зээл, дараа нь хэдэн зуун тэрбумын банкны санхүүжилт, цаашлаад нүүрсний орлого, улсын баялаг, стратегийн төслүүдийн гэрээ яригдах болов. Өөрөөр хэлбэл, дуулиан бүрийн дараа төр цэвэршиж, хариуцлагын тогтолцоо бэхжихийн оронд дараагийн том дуулиан гарах нөхцөл хэвээр үлджээ.
Төрийн эрх мэдэл, төсөв, баялаг, томоохон төслүүдийг хянах тогтолцоо бүхэлдээ ямар байдалд хүрснийг эндээс харж болно. 2016 оны сонгуулийн дараа ил болсон 60 тэрбумын асуудал. Төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж, эрх мэдлийг хуваарилах тухай аудио бичлэгийн дуулиан. Дараа нь ЖДҮХС. Дараа нь Хөгжлийн банк. Хөгжлийн банкны зээлийг зориулалтын бусаар ашигласан, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой компаниудад зээл олгосон гэх асуудал шалгагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд ч бий. АНУ-ын Төрийн департаментын 2023 оны хүний эрхийн тайланд уг хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 32 хүнийг буруутай гэж тогтоосон тухай дурдсан байдаг. 2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хулгайн асуудал ил болоход Монголын ард түмэн Сүхбаатарын талбайд хэдэн долоо хоног жагссан. 2022 онд нүүрсний хулгайн хэрэг ил гарахад Монголын нүүрсний экспорт, тээвэрлэлт, борлуулалт, хил гаалийн бүртгэл, гэрээний тогтолцоонд асар том хяналтын цоорхой байсныг олон нийт харсан. Улсын өмчийн нүүрс олборлолтоос эхлээд тээвэрлэлт, борлуулалт, хилээр нэвтрүүлэх хүртэлх шат дамжлагад хэн ямар үүрэг хүлээж, хэн хяналт тавих ёстой байсан нь эргэлзээ дагуулсан. Нүүрсний үнэ, хэмжээ, бүртгэлийн зөрүү, тээврийн зохицуулалт, гэрээний ил тод бус байдал нь Монголын баялгийн орлого хэрхэн хяналтаас гарсаныг харуулсан. Нүүрсний хулгайн хамгийн том хор уршиг нь зөвхөн хэдэн тонн нүүрс алдагдсан, хэдэн төгрөгийн орлого тасарсанд биш. Монгол Улсын стратегийн баялгийн борлуулалт, тээвэрлэлт, хил гааль, төрийн өмчит компанийн удирдлагад улс төр, бизнесийн ашиг сонирхол хэрхэн нэвтэрч болдгийг илчилсэн юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, бизнесийн бүлэглэлүүдийн нэр яригдсан. Заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шалгалтын ажиллагаа явуулсан. Харин дараагийн дуулиан нь төрийн төмөр зам, оффтейк гэрээ, урьдчилгаа төлбөрийн асуудал болж хувирлаа. 110 сая ам.доллар. Одоо МАН-ынхан өөрсдөө бие биеэ буруутгаж байна. Сүүлийн үеийн хамгийн анхаарал татсан асуудлын нэг бол Бодь Интернэшнл компанитай холбоотой Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн маргаан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2026 оны гуравдугаар сард Б.Энхбаяртай холбоотой байж болзошгүй авлигын асуудлаар 894 хуудас материал АТГ-т өгсөн гэж мэдэгдсэн. Тэрээр 110 сая ам.долларыг улс төрийн нөлөө бүхий хүмүүст тараасан байж болзошгүй гэх асуудлыг хөндсөн. Б.Энхбаяр уг буруутгалыг няцааж, баримтаа ил гаргахыг шаардсан. Харин арваннэгдүгээр сарын 9-нд АТГ болон цагдаагийн хамтарсан ажлын хэсгээс хийсэн мэдээлэлд одоогоор 110 сая ам.долларыг бэлнээр тараасан гэх баримт тогтоогдоогүй, харин 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн бүртгэл байгаа талаар дурдсан.
Х.Нямбаатарын мэдэгдэл ба төмөр замын шинэ дуулиан
Сүүлийн өдрүүдэд Х.Нямбаатарын гаргасан мэдэгдэл ч энэ асуудлыг улам хурцатгав. Тэрээр Тавантолгой–Гашуунсухайт төмөр замын гүйцэтгэгч сонгосон ажиллагаа хууль бус байсан, их хэмжээний авлига өгч авсан гэх агуулгатай мэдэгдэл хийж, Д.Мөнх-Эрдэнэ нэр бүхий албан тушаалтанд 10 сая ам.доллар авсан гэж буруутгасан. Бодь Интернэшнл уг мэдэгдлийг үндэслэлгүй гүтгэлэг хэмээн няцааж, 286 тэрбум төгрөгийн урьдчилгааг зориулалтын дагуу зарцуулсан гэж мэдэгдсэн. Төрийн томоохон төслүүдийн гэрээ, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, урьдчилгаа төлбөрийн зарцуулалт яагаад байнга ийм маргаан дагуулдаг болов?
Одоо МАН дотор 30, 38 гэсэн хоёр бүлэглэл болон хуваагдсан улс төрийн тэмцэл өрнөж байна. Энэ хагарлын цаана хэн намын дарга болох, хэн Засгийн газрыг удирдах, хэн төрийн гол томилгоог атгах вэ гэдэг эрх мэдлийн асуудал бий. Гэвч хамгийн анхаарал татах зүйл нь тэдний бие биеэ буруутгаж байгаа агуулга. МАН-ынхан яагаад энэ бүхнийг эрх мэдлээ булаацалдах хүртлээ ил гаргаагүй юм бэ? Яагаад фракцын зөрчил хурцдах үед л баримт, бичлэг, материал гэнэт гарч ирдэг юм бэ? Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн Монголоо бодож сэрдэггүй юмаа гэхэд Монголын төлөө зүрхтэй байсан бол авлигачдыг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгохгүй байлаа. Найман жил төрийн эрх мэдлийг барьсан намынхаан ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлээс эхлээд Хөгжлийн банкны тэрбумын санхүүжилт, нүүрсний худалдаа, тээвэрлэлтийн гэрээ, оффтейк хэлцэл, төмөр замын урьдчилгаа төлбөр хүртэл төрийн мөнгө, Монголын баялаг улс төр, бизнесийн ашиг сонирхлын огтлолцолд хэрхэн орсныг харуулсан хэргүүд ар араасаа дэлбэрэв. Төрийн томилгоо, тендер, худалдан авалт хүртэл эрх мэдэл, танил тал, ашиг сонирхлын сүлжээнээс ангид байж чадсангүй.Та нарын хоорондын эрх мэдлийн тэмцэлд Монголын ард түмэн ямар ч буруугүй. Та нарын улс төрийн карьер, фракцын санхүүжилт, албан тушаалын тохироо, хэн нь хэнийгээ унагах вэ гэдэг тоглоомын төлбөрийг иргэд төлөх ёсгүй. Иргэд татвараа төлнө. Та нар тэр мөнгийг захиран зарцуулна. Иргэд баялгаа өгнө. Та нар түүнийг удирдана. Өнөөдөр МАН-ынхан нэг нэгнийхээ хулгайг илчилж байгаа бол маргааш хэн нь ялсан ч хамаагүй, бүх асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдах ёстой. Бидэнд хамгийн гол нь хулгай хийсэн нь хэн ч байсан хариуцлага хүлээдэг тогтолцоо хэрэгтэй байна.
МАН-ынхаан, та нар энэ улсыг хэдий болтол ингэж авч явах юм бэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ