50 ЖИЛИЙН АМЛАЛТТАЙ 60 ТЭРБУМЫН БОРЖИН ЗАМ МӨСӨН КОТОК БОЛЧЛОО

img

 

Улаанбаатарын явган хүний замыг шинэчлэх нэрээр олон арван тэрбум төгрөг зарцуулсан. Тухайн үеийн хотын дарга Х.Нямбаатар байгалийн боржин чулуун замыг танилцуулахдаа 30–50 жилийн насжилттай, цас бороонд халтирдаггүй хэмээн амлаж байсан юм. 

Гэтэл өнөөдөр тэрхүү сүржин амлалтын бодит шалгуур нь өвлийн мөс болж байна. Иргэдийн зорчих ёстой явган зам мөсөн коток болж, хүн унаж бэртэх эрсдэлтэй хэвээр.

Тэгвэл 50 жил наслах чулуу тавьсан ч нэг өвлийг аюулгүй давж чадахгүй байгаа бол энэ бүтээн байгуулалтын чанарыг хэн шалгасан юм бэ? Хэн хүлээн авсан юм бэ? Хэн татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулсан гэж тайлагнасан юм бэ?

Х.Нямбаатарын амлалт 50 жил үргэлжлэх үү, эсвэл иргэдийн халтирч унах эрсдэлтэй хамт мартагдах уу?

Энэ асуудлыг цаг агаар руу чихээд өнгөрч болохгүй. Монголд өвөл болдогийг хэн ч мэднэ. Өвлийн нөхцөлд аюулгүй байх зам барих нь хотын удирдлага, зураг төсөл боловсруулагч, гүйцэтгэгчдийн үндсэн үүрэг.

Хэрэв материалын чанар муу бол нийлүүлэгч, технологи буруу бол гүйцэтгэгч, шаардлага хангаагүй ажлыг хүлээн авсан бол захиалагч, хяналтын байгууллага хариуцлага хүлээх ёстой. Харин шийдвэр гаргасан тухайн үеийн удирдлага ч олон нийтэд өгсөн амлалтдаа тайлбар өгөх учиртай.

ОДООГИЙН ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА АСУУДЛААС ЗУГТАХ ЭРХГҮЙ!

Өмнөх даргын үед хийсэн ажил гэдэг шалтгаанаар өнөөдрийн хотын удирдлага гараа хумхиад сууж болохгүй. Б.Пүрэвдагва дарга энэ асуудлыг улс төрийн залгамж халаа биш, нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын асуудал гэж харах ёстой.

  • Шинэчилсэн боржин замуудад хараат бус лабораторийн шинжилгээ хийлгэ!

  • Тендер, гэрээ, төсөв, гүйцэтгэгч, чанарын хяналтын баримтыг ил болго!

  • Стандарт хангаагүй замыг гүйцэтгэгчээр нь засуулах арга хэмжээ ав!

  • Халтиргаа үүсгэж буй шалтгааныг тогтоож, ус зайлуулах болон өвлийн арчилгааг сайжруул!

  • Иргэд хамгийн их унаж бэртэж буй байршлуудад яаралтай арга хэмжээ ав!

Иргэдийн мөнгөөр зам барьчихаад иргэд өөрсдөө халтирч унахад хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо байж болохгүй.

Улаанбаатар хотод дахин нэг удаа зам сольж, төсвөөс мөнгө гаргах биш, өмнө нь зарцуулсан олон арван тэрбум төгрөгийн үр дүнг шалгах цаг болсон.

Халтирдаггүй гэж амласан бол яагаад халтирч байгааг тайлбарла! Чанартай гэж хүлээн авсан бол шинжилгээний дүнгээ үзүүл! Төсвийн мөнгөөр ажил хийсэн бол үр дүнгийнхээ төлөө хариуцлага хүлээ!

Иргэдэд гоё чулуу хэрэггүй. Аюулгүй зам хэрэгтэй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ