Алтны үнэ түүхэн дээд хэмжээнээсээ 32 орчим хувиар буурчээ

img

Алтны ханш 32 хувиар унасан ч цаашид өснө гэсэн хүлээлт хэвээр байна. Дэлхийн зах зээл дээр алтны ханш унц нь 3,800 ам.доллараас доош унаж, 2025 оны есдүгээр сарын сүүлчээс хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Энэ нь алтны ханш өмнө нь тогтоосон түүхэн дээд хэмжээнээсээ 32 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Шинжээчид алтны ханшийн уналтыг АНУ-ын инфляц өндөр хэвээр байгаа, Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлал өссөнтэй холбон тайлбарлаж байна. Мөн АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж нэмэгдсэн нь алтны эрэлтэд сөргөөр нөлөөлжээ.

Учир нь алт өөрөө хүүгийн орлого өгдөггүй. Харин Засгийн газрын бондын өгөөж нэмэгдэхэд хөрөнгө оруулагчид мөнгөө алтнаас илүү бондод байршуулах сонирхолтой болдог. Үүний улмаас богино хугацаанд алтны үнэ буурах дарамтад орж байна.

Гэхдээ Уолл Стритийн томоохон санхүүгийн байгууллагууд алтны урт хугацааны төлөвт өөдрөг байр суурьтай хэвээр байна. Үүнд дэлхийн төв банкуудын алтны худалдан авалт нэмэгдэж байгаа, АНУ-ын Засгийн газрын өр өсөж буй зэрэг хүчин зүйлийг харгалзаж байна.

Тухайлбал, JPMorgan-ийн Private Bank 2027 оны алтны ханшийг унц нь 4,600 ам.доллар орчимд хүрнэ гэж таамагласан бол Morgan Stanley алтны ханш цаашид 5,000 ам.доллароос давах боломжтой гэж үзжээ.

Гэхдээ эдгээр нь санхүүгийн байгууллагуудын таамаг болохоос баталгаатай үнэ биш юм. АНУ-ын мөнгөний бодлого, инфляц болон дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан алтны ханш цаашид хэлбэлзэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ