Хил хаалттай байсан ч хүний амь аврахаар богино хугацаанд шуурхай нэвтрүүлсэнээр хүний амь аварчээ

img

Монгол Улсад ажиллаж байсан гадаадын компанийн ажилтан зүрхний цочмог шигдээс болж, биеийн байдал нь хүндэрсэн тул БНХАУ руу яаралтай буцаан тээвэрлэж, эмнэлэгт хүргэжээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 14-ний шөнө 00:00 цагийн орчимд Өвөр Монголын “Мэн Тун Сыхай” байгаль орчны технологийн компанийн Монгол Улс дахь уурхайн талбайд ажиллаж байсан нэгэн ажилтан зүрхний цочмог шигдээс болж, биеийн байдал нь хүндэрсэн байна.

Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний боломж хязгаарлагдмал байсан тул түүнийг БНХАУ руу яаралтай тээвэрлэн эмчлүүлэх шаардлага гарчээ.

Энэ хүсэлтийн дагуу БНХАУ-ын Бугат хотын гаалийн газрын ажилтнууд шуурхай ажиллаж, хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд болон холбогдох албаныхантай хамтран яаралтай нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна.

Өвчтөнийг Монгол дахь уурхайн талбайгаас Мандал боомт хүртэл 230 орчим километр зам туулж хүргэх шаардлагатай байжээ. Замын ихэнх хэсэг нь шороон, бартаатай байсан бөгөөд ойролцоогоор дөрвөн цаг зарцуулсан байна.

Арваннэгдүгээр сарын 15-ны өглөөний 05:00 цагт өвчтөнийг тээвэрлэсэн автомашин Мандал боомтод хүрчээ. Тухайн үед боомт хаалттай байсан ч Хятадын гаалийн ажилтнууд урьдчилан бэлтгэл хангаж, эрүүл мэндийн болон халдварт өвчний эрсдэлийн шалгалтыг хийсэн байна.

Ингэхдээ шаардлагатай шалгалт, бүртгэлийг зэрэгцүүлэн зохион байгуулж, ердөө гурван минутын дотор хилээр нэвтрүүлэх ажиллагааг дуусгажээ. Улмаар өвчтөнийг Хятадын түргэн тусламжийн автомашинд шилжүүлсэн байна.

Мандал боомтоос Бугат хотын төв эмнэлэг хүртэл 300 гаруй километр зам туулсны эцэст тухайн өдрийн 08:00 цагийн орчимд өвчтөн эмнэлэгт хүргэгдэж, цаашдын эмчилгээнд орсон талаар БНХАУ-ын гаалийн байгууллага мэдээлжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ