
Дорнодын ураны ордыг эзэмшдэг Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компаний хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр буурч, үнэгүйдэж эхэлсэн тул биржээс шаардах бичиг хүргүүлсэн байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлж байгаагаар сүүлийн гурван сард “Хан ресурс” өөрийн нийт хөрөнгийнхөө гуравны нэг буюу 25 хувийг алджээ. Тиймээс Торонтогийн хөрөнгийн биржийн зүгээс одоо эрхэлж байгаа бизнесийнхээ тухай үнэн, бодит мэдээллийг нэн даруй өгөх, үйл ажиллагаагаа тогтворжуулах хэрэгтэй гэж шаардсан байна.
Уг бичигт “Танай компани өнгөрсөн оныхоо тайланг гаргахдаа “магадлалтай”, “төлөвтэй”, “ойролцоогоор” гэх зэрэг тодорхойгүй үг хэрэглэсэн байна. Үүнийгээ бидэнд тодруулж өгнө үү.
Хэрэв 120 хоногийн дотор үйл ажиллагаагаа хэвийн болгож манай биржийн шаардлагад нийцүүлж чадахгүй бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ