
Сангийн яамны экс сайд Ерөнхий сайдаас их том үүрэг аваад байж билээ. Даанч биелүүлж амжсангүй дээ, хөөрхий. Оронд нь шинэ сайд Д.Хаянхярваа биелүүлэхээр болов. Юу гэхээр, Төсвийн байгууллагын 150 мянга шахам ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 1 болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг юм л даа.
Гэтэл гайтай юм шиг засаг тарж бутарч, эргэж бүтэн болох гэсээр байтал эл асуудал саатчихлаа. Тэгэнгүүт багш нар ч дахиад жагсч магадгүй янзын мэдээлэл дуулдаад байсан. Харин Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өчигдөр Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэхтэй холбоотой асуудлыг анхны хуралдаанаараа тогтож хэлэлцлээ. Хөөрхий минь, энд үнийн өсөлттэй хамт цалингийн асуудлыг ч ярьж явсан Үйлдвэрчний эвлэлийнхэн нөхдүүдийн ч хөлс хүч нэмэр болоо болов уу. Шахаж шаардаж Нийгмийн зөвшлийн гурван талаас бүрдсэн Үндэсний хороог байгуулж, улмаар хэдэн өдөр хуралдсаны эцэст энэ засгийг ч ёстой нэг буулгасан янзтай байна. Хавар бас сонгууль ч дөхсөн учир иргэдийн зүгээс гарч байгаа шаардлага бүхний өмнө нураад байхаас өөр сонголт ч үнэндээ алга байгаа нь эрхбиш харагдаж байна.
Засгийн хуралдаанаар гишүүдээс гаргасан саналыг тусган төслийг УИХ-д өргөн барихаар болж байна. Тогтоолын төсөлд тусгаснаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг энэ оны 2 дугаар сарын 1-ний болон 5 дугаар сарын 1-ний өдрөөр тооцож үе шаттай нэмэх гэнэ. Харин шаардлагатай санхүүжилт нь 172 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Тэгвэл энэ мөнгийг 2012 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд батлагдсан төсвийн хэмжээнд зохицуулан шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн 2012 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдсэн ч, амжуулж шийдэх нь тодорхой янзтай байна. Тэгэхээр сар шинийн баяраас өмнө төсвийн байгууллагынхан цалингаа нэмүүлж таарах нь. Цалин, тэтгэвэр болоод зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх хугацааг наашлуулснаар өргөн хэрэглээний барааны өсөлт, төгрөгийн бодит ханшийн уналт зэргээс иргэдийг хамгаалахын зэрэгцээ бодит орлого нь нэмэгдэнэ гэж Засгийн газар үзээд байгаа юм байна. Гэтэл зарим эдийн засагчдын зүгээс улстөрчдийн бэлэн мөнгөний амлалт эдийн засагт таатай бус уур амьсгалыг улам бүрдүүлэхээр байгаа ийм нөхцөлтэй давхцуулан цалингийн өсөлтийг шийдэх нь цагаа олсон хэрэг биш гэх нь байгааг ч бас өгүүлэх нь илүүц болохгүй биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ