
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 70 орчим км замыг шинэчлэн засварлаж 61 км замыг ашиглалтад хүлээлгэн өгчээ. Гэхдээ зарим замын ажил дуусаагүй учир энэ жил үргэлжлүүлэн хийх юм байна. Үүний нэг нь 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил юм.
Энэхүү замын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцлөөр “Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг” ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа. Энэхүү замын ажил одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 30-нд ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр гэрээ сунгажээ.
Түүнчлэн Ажилчны гудамжны 3.5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг “Си Эф Си групп” ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж, явган хүний замын ажлыг он дамжуулсан бөгөөд ирэх зургадугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 15-нд ажлаа эхлэх ажээ.
Мөн Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэл буюу Дарь-Эхийн 6.7 км авто замд явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийгдээгүй байгаа. Гэрэлтүүлгийг энэ сарын 5-нд бүрэн асаах бол явган хүний замын ажлыг зургадугаар сарын 30-нд дуусгахаар “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК гэрээ сунгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ