Төсвийн ерөнхийлөн захирагчдын дунд судалгаа хийнэ
Японы Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх асуудлын хүрээнд “Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд төрийн байгууллагуудын санхүү, төсөв, мөнгөн хөрөнгийн дотоод аудитын талаарх ойлголтыг нэг мөр болгож хэвшүүлэх, Засгийн газрын санхүүгийн дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, батлуулах, дотоод аудитын олон улсын стандартыг нэвтрүүлэх, дотоод аудитын чиглэлээр сургалтуудыг Төсвийн ерөнхийлөн захирагчид, орон нутагт зохион байгуулагдана. JICA-ын гадаад, дотоод зөвлөхүүд Сангийн яам дээр ирж, ажиллан төслийн удиртгал тайлангийн төслийг боловсрууллаа. Мөн төслийн удирдах хороог байгуулан, анхны хурлыг зохион байгуулж, төслийн гэрээний агуулгыг хянан үзэж, удиртгал тайланг хэлэлцэн баталлаа. Төслийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулахтай холбогдуулан дотоод аудитын өнөөгийн нөхцөл байдал, түүний хэрэгцээ шаардлага, чадавхийг тогтоох талаар суурь судалгааг бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын хүрээнд энэ сард явуулахаар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ